Алтантуяаг нас барсны дараа манай гэр бүл сүйрсэн хэмээн түүний аав хэлжээ

Малайзын Холбооны Улсад 2006 онд онц хэрцгийгээр амь насаа алдсан Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн иргэний хэргийн шүүх хуралдаан энэ сарын 22-31-ний өдрүүдэд Малайзын Куала Лумпур хотноо үргэлжилж байна. 


Хохирогч Ш.Алтантуяагийн аллагатай холбоотой шүүх хурлын үйл явцын талаарх мэдээллийг Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвөөс өөрсдийн түнш, Малайзын “Малайжиакини”-тай хамтран хүргэж байна. 

Алтантуяа нас барсны дараа гэрийнх нь санхүүгийн бүх ачаа мөрөн дээр нь бууж, хүнд хэцүүг даван туулж байгаа тухай түүний аав Сэдэвийн Шаарийбуу ярив.

Монголын модель байсан охин нь 2006 онд таалал төгссөнөөс түүний гэр бүхэлдээ сүйрсэн тухай Шах Аламд болсон Шүүх хурал дээр Шаарийбуу ярихад сэтгэл нь нэлээд тавгүйтсэн шинжтэй байв.
 
“Бид бүгд түүнтэй хамт үхсэн” гэж хэлээд, мэдүүлгээ үргэлжлүүлэхээсээ өмнө нулимсаа арчсан юм. Түүнийг нас барснаас нэг жилийн дараа гэр бүлийнхэн нь 100 сая ринггитийн (24.3 сая ам.доллар орчим) нэхэмжлэл гаргасан билээ.
 
Алтантуяаг нас барахад түүний хоёр хүү нь найм, гурван настай байсан бөгөөд өвөө, эмээтэйгээ хамт амьдарч эхэлсэн байна. Бага охин болох Алтантуяа нь боловсролтой, бие даасан, мөн гэр бүлийнхээ санхүүг авч явдаг нэгэн байсан бөгөөд ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй бага хүүгийнхээ эмчилгээний зардлыг хариуцдаг байсныг нь Шаарийбуу гуай онцолжээ. “Эхнэр бид хоёрын нас сүүдэр болон орлогын чадамж ямар билээ. Бид яаж ч бодсон охин шигээ мөнгө олж чадахгүй шүү дээ” хэмээн тэтгэвэрт гарсан их сургуулийн профессор тэрбээр шүүхэд хандаж хэлэв.
 
Талийгаач Алтантуяагийн бага хүү Мөнхтулгын Алтаншагай нь тархи, нуруу нугасны саажилттай төрсөн бөгөөд бага наснаасаа хөгжлийн бэрхшээлтэй байсан аж. Харамсалтай нь, тэрбээр 2017 онд 15 настайдаа бурхан болжээ.
 
Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2019-01-30 20:43:00

Сэтгэгдэл бичих

3+3 =
Амжилттай нэмэгдлээ.
Leave this field empty


Шинэ Их уншсан
Усанд урссан 13 амь
2018-08-03 19:52:00

СЭТГЭГДЭЛ БИЧИХ