Г.Занданшатар: Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр /2024.11.20/ мэдээлэл хийлээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид дараахь үндэслэлүүдээр бүхэлд нь хориг тавьж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.ЗАНДАНШАТАР:

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьж байна. Ингэхдээ,

  • АЛДАГДАЛГҮЙ ТӨСӨВ БАТЛАХ:

-Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч ард иргэд, баялаг бүтээгч, татвар төлөгчид болон мэргэжлийн байгууллагуудын зүгээс төсвийн сахилга батыг чангатгах, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцүүлэн төсвийн зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, улс төрийн нам, эвслүүд сонгуулийн амлалтаа биелүүлэх зэрэг санал, шүүмжийг илэрхийлж байгаа нь зүй ёсны шаардлага хэмээн үзэв.

  • ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЗАРЧИМД НИЙЦҮҮЛЭХ:

-Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль тогтоомжууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон байна. Улсын Их Хурал 2024 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоолыг баталжээ. Энэхүү тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль нь Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан зарчмуудыг бүрэн хангаагүй, төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй болохоо хүлээн зөвшөөрч, батлагдсан төсвийг тодотгож, дахин засаж сайжруулах шаардлагатай гэсэн агуулгыг илэрхийлсэн байна.

Мөн Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан.

Гэтэл Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад Улсын Их Хурал төсөвт тодотгол хийхээр тогтоол баталж, чиглэл болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” хэмээх заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан хоригийг холбогдох хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.


ШУУРХАЙ: ЕРӨНХИЙЛӨГЧ 2025 ОНЫ ТӨСӨВТ ХОРИГ ТАВИНА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны төсөвт хориг тавихаар болжээ. Тиймээс энэ талаар өнөөдөр /2024.11.20/ мэдээлэл хийх юм. Харин энэ удаагийн төсөвт хэсэгчлэн хориг тавих уу эсвэл бүхэлд нь хориг тавих эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Намрын чуулганаар 2025 оны төсвөө хуулийн хугацаанд батлуулж чадсан. Тодруулбал, 126 гишүүнтэй парламент анхны намрын чуулганаараа хэл амтай, хэрүүл тэмцэлтэй ч Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай 2025 оны төсвийн тухай хуулиудыг энэ сарын 8-нд баталсан. Ингээд эцсийн найруулгыг УИХ дээр уншиж, өнгөрсөн Даваа гаригт Ерөнхийлөгчийн Тамгын газарт төсвөө хүргүүлсэн. Төсөв хүргүүлснээс хойш ажлын таван өдөрт багтаан Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй бөгөөд өнөөдөр хориг тавьж буй талаараа мэдээлэл хийх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд парламент ажлын 14 хоногийн дотор хоригийг хэлэлцэнэ. Ингэхдээ УИХ олонхоороо буюу гуравны хоёр /66,6 хувь/ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж үзвэл төсөв хэрэгжинэ. Харин хүлээж авах нь зүйтэй гэж үзвэл 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах юм.

УИХ-ын Дэгийн тухай хуульд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхдээ,

  • 90.1.Хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан бол Улсын Их Хурал хоригийг чуулганы үеэр ажлын 14 өдрийн дотор, чуулганы чөлөө цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална.
  • 90.2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тухайн асуудлыг анх хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан холбогдох Байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
  • 90.5.Гишүүд энэ хуулийн 90.4-т заасны дагуу үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлаар ил санал хураалт явуулах бөгөөд хэрэв хууль, тогтоолын зарим хэсэгт хориг тавьсан бол тухайн зүйл, хэсэг, заалт нэг бүрээр санал хураалт явуулж дүнг танилцуулах бөгөөд хоригийг шийдвэрлэсэн талаарх Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.
  • 90.6.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй бол хууль, тогтоол хүчин төгөлдөр үлдэнэ.
  • 90.8.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталж болно.
  • 90.9.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах бол тухайн шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй" гэж заажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ