"Өчигдөр төмөр замын гарам дээр засвар хийгдэж СХД-ийн замын хөдөлгөөнийг бүхэлд нь хязгаарласан"

Улаанбаатар хотод өчигдөр замын түгжрэл ихтэй байв. Яагаад түгжрэл үүссэн талаар авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос тайлбар гаргажээ.

Уг тайлбарт “Драгон төвийн Номин дэлгүүрийн нэгдүгээр давхарт гарсан гал түймрийн улмаас Москвагийн гудамж орчмын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарласан болохыг иргэддээ мэдээлсэн. Гал түймэр унтраах үед буюу 15:00-18:00 цагийн хооронд тавдугаар баазын төмөр замын гарам дээр засвар хийгдэж Сонгинохайрхан дүүргийн хөдөлгөөнийг бүхэлд нь хязгаарласан болно.

Хязгаарлалтын хүрээнд орон нутагт зорчин явах, Драгон авто вокзалд ирэх иргэдийн хөдөлгөөн зохицуулалтыг давхардуулан хийсэн нь энэ цагт авто замын ачааллыг нэмэгдүүлсэн.

Дээрх нөхцөл байдлаас үүдэлтэй авто замын хөдөлгөөн ачаалал энэ үед буюу 20:30 цагийн байдлаар улаан түвшнээс шар түвшинд шилжсэн. Алба хаагчид биет зохицуулалт хийж ажиллалаа" гэв.

Төмөр замын гармын тухайд "БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Таван шар, төмөр замын 396 дугаар гарамд хийгдэж байгаа нүхэн гарцны D32 маркийн хөндлөн болон босоо дам нурууг Толгойт-УБ2 өртөөний нэгдүгээр зам дээр бэхлэх ажил хийгдэж байна.

Уг нүхэн гарцаар том оврын машин, нийтийн тээврийн автобус чөлөөтэй зорчих, авто зам төмөр замтай огтлолцохгүй болж, галт тэрэгний хөдөлгөөнөөс шалтгаалсан зохиомол ачаалал үүсэхгүй" хэмээн тайлбарлав. 

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатар уг гармын бүтээн байгуулалтын ажил дээр өчигдөр очжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ