Япон улсын Элчин сайд Такаока Масатотой уулзлаа

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масатог хүлээн авч уулзлаа. Япон Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас манай улсын боловсролын салбарт хэрэгжүүлж буй дэд бүтцийн болон JDS тэтгэлэгт хөтөлбөр, КООСЕН хөтөлбөрийн үр дүн, ач холбогдлыг сайд Л.Цэдэвсүрэн уулзалтын эхэнд онцлон тэмдэглэж, талархал илэрхийллээ.


Сайд Л.Цэдэвсүрэн хоёр улсын харилцаа, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлж, мэдээллийн технологийн нарийн мэргэжилтэн, инженер бэлтгэхэд илүү сайн хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.


Мөн Ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчдад үдийн хоолоор үйлчлэх хууль, хөтөлбөр хэрэгжихтэй холбогдуулан зориулалтын техник, тоног төхөөрөмжөөр сургуулийн гал тогоог хангахад хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжтойг тэмдэглэв.


Ноён Такаока Масато Монголын ирээдүй болсон хүүхэд, багачуудыг олон улсын жишигт нийцсэн ая тухтай орчинд суралцуулах шинэ сургуулиудын барилгыг төлөвлөгөөт хугацаанд хүлээлгэн өгч, хүний нөөцийг бэлтгэх хөтөлбөрүүдийг танай улсад нэн шаардлагатай байгаа мэргэжлийн чиглэлд хандуулан үргэлжүүлэхийн зэрэгцээ Боловсрол, шинжлэх ухааны яамтай олон талаар хамтран ажиллана гэлээ. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ