Ж.Чинбүрэн: Би сайд болох гэж хэн нэгний үүдийг сахиж, элдэв хов жив хийж явсангүй
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг Эрүүл мэндийн сайд болох гэж улайрч байгаа тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр болон цахим орчинд тархсан билээ. Тэгвэл тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудсандаа ингэж бичжээ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДАД УЛАЙРАГСДАД..
Миний бие 41,000 Баян Зүрхчүүдийн итгэлийг дааж Монгол Улсын Их Хурлын гишүүн гэдэг өндөр үүрэг хариуцлагатай ажлыг авч, асар их хариуцлагыг үүрч, итгэлийг зүтгэлээр хариулах, хэрхэн бодлогоор гүйцэлдүүлэх тухай нойроо хумслан санаагаа чилээж явна. Үндсэн хуулиар ЗГ-аа дангаараа байгуулах Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шилдэг сайн засаглал байгуулах орон зайнд бүү халд!
Сонгуулийн өрсөлдөөний үеэр үзээгүй энэ их хар PR-ийг сандал суудал горилогч, өөрийгөө голдоггүй хэдхэн хүнээс л харж, үзэж сууна. Эрүүл мэндийн салбарыг өөдөн татах амаргүй энэ их ажлыг мөнгөний нүдээр хардаг, ард иргэдийн зуурдын өнчрөл хагацлыг зоосны нүхээр хардаг бусармаг хүмүүс гараа тат! Цөөхөн Монголоо эрүүл байлгаж, өвдөж шаналах, хайрт аав, ачит ээж, халамжит ханиа алдах гашуун зовлонгоор тоглох санаатнууд савраа тат! Би сайд болох гэж хэн нэгний үүдийг сахиж элдэв хов жив хийж явсангүй, хийх ч үгүй! Энэ мэт башир аргаар талцуулж араас нь хараад инээж суугаа Танд харин хэлчихье.
Ийм улс төр одоо газар авахгүй, Хүрэлсүх гэдэг хүний шударга, хүнлэг сэтгэлийг нь таньж би улс төрд орсон. Сайдтай сайдгүй хийх ажил минь их. Намайг дэмжиж үргэлж ард минь байдаг ард түмэн, хүн ардын эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа салбарынхандаа талархаж байна. Элэг бүтэн Монголынхоо төлөө зүтгэсээр байх болно" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ