Ш.Адьшаа: Бодлогоороо, хийсэн ажлаараа өрсөлдье
УИХ-ын 16-р тойрог, Ховд аймагт нэр дэвшигч Ширнэнбаньдын Адьшаа нийт нэр дэвшигчиддээ хандаж уриалга гаргалаа.
Тэрбээр “Монгол Улсын Их Хурлын сонгуульд АН-аас 16 дугаар тойрогт миний нэрийг дэвшүүлсэн. Өнөөдөр би олон ястны өлгий, төрөлх нутаг Ховд аймаг руу хүлгийн жолоо залах гэж байна. Сонгогч олон түмэндээ намын мөрийн хөтөлбөр, өөрийн үзэл бодлоо танилцуулж, сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэхээр нисэх буудал дээр та бүхэнтэйгээ мэндчилж байгаадаа баяртай байна. Миний хувьд АН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө Ховд аймгийн сонгогчдодоо танилцуулна. Намайг өмнө нь хоёр сонгуульд оролцоход хоёр удаа сонгож байсан ард түмнийхээ итгэлийг хүлээж, Ховд аймгийг зорьж байгаа. УИХ-д нэр дэвшигч зөвхөн Ховдын асуудлыг биш, Монгол Улсын хөгжлийн асуудлыг ярьж, бодлогоороо өрсөлдөх ёстой.
Өнөөдөр Ховд аймагт төдийгүй Монгол Улсад олон асуудал тулгамдаж байна. Түүний дотор хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийн бодлогын асуудлыг хамгийн түрүүнд гаргах ёстой. АН-ын мөрийн хөтөлбөрт “Өрх гэрийн хөгжлөөс улс орны хөгжил эхэлнэ” хэмээх бодлогыг тусгасан. Монгол орны минь олон айл өрх сайн сайхан болж гэмээн Монгол орон хөгжин дэвшинэ гэсэн итгэл үнэмшилтэйгээр Ховд аймгийн сонгогчдоо зорьж байгаа.
Нийгмийн сүлжээгээр бусдыг гүтгэсэн, харлуулсан мэдээлэл сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө эхэлсэн. Сүүлийн хэд хоног миний бизнесийн нэр төрд халдаж, намайг 300 хятад өвчтөн оруулж ирэх гэж байна гэсэн мэдээллүүд гарч байна. Энэ бол нэг улстөрчийн хэвлэлийн албанаас явуулсныг өнөөдөр Эрүүгийн цагдаагийн албанаас ирүүлсэн. Холбогдох хүмүүс хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж бодож байна.
Гэтэл манай оронд өвчтэй хятад иргэн байтугай монгол иргэнээ хэвтүүлж чадахгүй байна. Иймд нийт нэр дэвшигчдэдээ хандаж хэлэхэд бусдыг гүтгэсэн, олон түмнийг айдаст автуулсан мэдээлэл бүү гаргаасай. Бодлогоороо, хийсэн ажлаараа өрсөлдье. Ард түмэн маань ч мөн хар бараан зүйлээс татгалзаж, гэрэлтэй гэгээтэй зүйлийг дэмжье гэсэн уриалга гаргаж байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ