Эмэгтэй нэр дэвшигчид бие биеэ гүтгэж, доромжлохгүй байхыг уриалав
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос "Цэвэр шударгаар өрсөлдье" уриалгыг өнөөдөр танилцууллаа.
АЭХ-ны тэргүүний зөвлөх Баярмаа “Монгол Улсад ажилгүйдэл ядуурал тэгш бус байдал эрүүл мэнд боловсролын хүртээмж гэр бүлийн хүчирхийлэл хүүхэд эмэгтэйчүүдийн хамгаалалт зэрэг нийгмийн суурь асуудлууд дорвитой сайжралгүй тулгамдсан асуудал хэвээр байна. Нийгмийн өнөөгийн энэ байдал шийдвэр гаргах, түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог дорвитой нэмэгдүүлж асуудлыг бодлогын түвшинд эмэгтэй хүний мяндсан ухаанаар шийдвэрлэхийг зүй ёсоор шаардаж байна. Төлөөллөө тодруулах хариуцлагатай энэ мөчтэй зэрэгцэн мэдээлэл улам шүүлтүүргүй болж эмэгтэй нэр дэвшигчдийг хууль тогтоох байгууллагад хангалттай хэмжээнд оруулах замаар дээрх шаардлагыг хангахад сонгуулийг ёс зүйтэй шударга зохион байгуулах нь ус агаар мэт хэрэгтэй байна.
Хэдийгээр сонгуулийн сурталчилгаа эхлээд 24 цаг өнгөрч байгаа ч цаашдаа нэр дэвшигчид бие биеэ харлуулах, гүтгэх нь улам ширүүсэх хандлагатай байна. Эмэгтэйчүүд олноор сонгогдож байж нийгмийн асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах юм. Тиймээс энэ оны УИХ-ын сонгуульд оролцож байгаа нийт нэр дэвшигчдийн 25 орчим хувийг эзэлж буй бүх эмэгтэйчүүддээ хандан дараах уриалгыг гаргаж байна” гэлээ.
АЭХ-ны дэд тэргүүн Д.Оюунжаргал уриалгыг уншиж танилцуулав. Тэрбээр “Эмэгтэй нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны явцад бие биеэ гүтгэх доромжлох харлуулах ажлыг зохион байгуулалттайгаар хийхгүй байхыг бусдадаа үлгэрлэн харуулах,
Бусад нэр дэвшигчдийн зүгээс эмэгтэй нэр дэвшигчдийн эсрэг явуулах элдэв гүтгэлэг дайралтыг түгээж дэлгэрүүлэхгүй байх,
Иргэд сонгогчдын амьдралын боломжгүй байдлыг ашиглан санал худалдан авах, аливаа ажиллагааг эрс эсэргүүцэн дуу хоолойгоо хүргэх,
Өөрсдийн сонгуулийн ажилтнууд болон сонгуулийн бүх шатанд ажиллах төрийн албан хаагчдыг шударга хариуцлагатай хуулийн дагуу ажиллахыг уриалж байна” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ