Сонгогчдыг "татахын" тулд намууд юу гэж амлав?

Сонгуулийн үеэр л улстөрчдийн популист амлалтууд нэмэгдэж, жаргаана, баяжуулна, сайхан амьдруулна гэдэг уран цэцэн үгийг хайр найргүй урсгадаг. Өнгөрсөн удаагийн сонгуулиудын амлалтыг эргэн санахад улстөрчид хоосон амлалт, мөрөөдлийн жагсаалтаар сонгогчдоо хуурдаг байсан. Харин энэ удаад улс төрийн намууд юу гэж амлав?

 

МАН АЛСЫН ХАРАА-2050


Тэд дундаж орлоготой иргэдийг дэмжих зорилгоор нийгмийн даатгал төлдөг иргэн бүрийг орон сууцанд хамруулж, зээлийн хүүг бууруулах зэрэг амлалтуудыг багтаажээ. Ингэхдээ 50 м/кв байрыг залуу гэр бүл болон гэр хорооллоос орон сууцанд орох тохиолдолд цемент, арматурыг тэглээд, төрийн орон сууцны корпорацийг оролцуулаад, зах зээлийн үнэлгээг бууруулах гэнэ. Улаанбаатар хотод 380 мянган өрх амьдарч байгаагийн 60 орчим хувь буюу 200 мянга гаруй нь гэр хороололд оршин суудаг.


Харин үлдсэн 40 орчим хувь нь орон сууцанд амьдарч буй ч дийлэнх нь орон сууцны зээлтэй. Орон сууц бол ядуу монголчуудын хамгийн эмзэг сэдэв мөн. Тэд үүнийг овжин ашиглаж дээрх "сайхан амлалт"-ыг өгөөд байна. МАН-ын Мөрийн хөтөлбөрт “Алсын хараа-2050” урт хугацааны хөтөлбөрийн эхний дөрвөн жилд хэрэгжих хөтөлбөрүүдийг тусгажээ.

 

АН МОНГОЛ ӨРХ-ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Ардчилсан намын мөрийн хөтөлбөр “Монгол өрх-Хөгжлийн бодлого” нэртэй. Ардчилсан нам цалин, бодит орлогын дунджийг гурван саяд хүргэнэ гэж ам нээв. Энэ удаагийн мөрийн хөтөлбөрийн гол цэгт монгол айл бүрийн амьдралын чанарт өсөлт авчрах хөтөлбөр хэмээн тодорхойлж байна. Монгол хүнийг, монгол айл өрх бүрийг дэлхийн дундаж орлоготой болгоход манай бодлого бүхэлдээ чиглэсэн. Цалин, дундаж орлогын хэмжээг гурван сая төгрөгт хүргэнэ. Иргэдийг үнэгүй орон сууцаар хангахыг урьтал болгохгүй. Өөрийн хөдөлмөрийн үр шимээр тохилог орон сууц худалдан авах орлого бий болгож өгнө гэж тодотгосон.

 

ШИНЭ НАМ-ӨРГҮЙ МОНГОЛ


Тус эвслийн мөрийн хөтөлбөр дунд өнгөрсөн 30 жилийн хугацаанд хуримтлагдсан 30 тэрбум долларын өрийг 3 сая ард иргэдээр биш 30 гэр бүл, тэдний хамаарал бүхий этгээдүүдээр төлүүлэх “Өргүй монгол” хөтөлбөр хэрэгжүүлнэ хэмээн амлажээ. Улмаар 30 гэр бүлийн мөнгөөр иргэдийг орон сууцанд оруулах гэнэ.


Шинэ намын зүгээс өрх бүрийг тэрбумтан болгох хуулийн төсөл өргөн барихаа зарласан. Шинэ намын даргын тайлбарласнаар төсөлд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг Монголын нийт ард түмэнд 100 хувь өмчлүүлэхээр заажээ. Нэг хүнд 4600 ширхэг хувьцаа буюу 266 сая төгрөгтэй тэнцэх өмчлөх эрхийн хувьцаа оногдоно. Энэ нь дөрвөн хүн амтай өрхөд ойролцоогоор нэг тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хувьцаа ногдож, өрх бүр тэрбумтан болох юм байх.

 

МАХН ТА БИДНИЙ ЭВСЛИЙН ГУРВАН БАЯЛАГ

 

Та бидний эвслийн мөрийн хөтөлбөр нь “Гурван баялаг” нэртэй. АН-ын амласан гурван сая төгрөгийн цалинг МАХН бүхий “Та бидний эвсэл” нэртэй эвсэл хоёр саяар нэмж таван саяд хүргэсэн. Дээр нь нэмээд үнэгүй байр өгөх “Өрх бүрт орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэхээ өнгөрсөн намраас эхэлж амласан. Ингэхдээ одоо байгаа ипотекийн зээлийг тэглэж, орон сууцанд орохын тулд урьдчилгаа 30 хувь төлдөг байдлыг зогсоож, орон сууцны зээлийг хүүгүй болгох зэрэг үлгэр ярьж, бүр орон сууцанд орохыг хүссэн иргэдийг бүртгэж авсан билээ. Сонгуульд зориулж энэ хөтөлбөрийг боловсруулаагүй, өнгөрсөн гурван жилийн хугацаанд эрдэмтэн судлаачидтай нийлж, тооцоо судалгаа хийж боловсруулсан мөрийн хөтөлбөр хэмээн онцолж байв.

 

ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ ЭВСЭЛ

 

 “Зөв хүн Электорат” эвслийн мөрийн хөтөлбөрийн гол санаа нь нийтээр орлоготой, мэдлэгтэй, гадаад хэлтэй, ажилтай болох түлхүүрийг нээсэн бодлого тодорхойлсон. Монголчууд технологийг бусдаас түрүүлж сураад, нийтээр хэрэглэж чадвал хулгайгаас ч сална, гурван сая монгол 300 сая болох боломж ч байгааг гэж тодотгосон.

 

 

 

 

Г.Хулан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ