Энэ сарын 10-наас хэсгийн хороодыг байгуулан, нам эвслүүдийн нэр дэвших ажиллагаа эхэлнэ
УИХ-ЫН СОНГУУЛЬ 2020: ХЭЗЭЭ, ЮУ БОЛОХ ВЭ?
УИХ-ын найм дахь удаагийн сонгууль зургаадугаар сарын 24-нд болно. УИХ-ын сонгуулийн шинэ хуулийн дагуу аймгуудыг 20, нийслэлийг 9 тойрог болгож, сонгуулийн 29 тойрог байгуулсан юм.
УИХ-ын ээлжилт сонгуультай холбоотойгоор иргэд засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 01-ний өдрөөс зогсоосон. Шилжилт хөдөлгөөнийг санал хураалт болох өдрийн дараах өдрөөс сэргээнэ. Тэгэхээр зургаадугаар сарын 25-наас эхэлнэ гэсэн үг юм.
Сонгогч нь сонгогчийн нэрийн жагсаалт дахь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн мэдээлэлтэй 2020 оны зургаадугаар сарын 10-наас өмнө танилцах эрхтэй. Хэрвээ мэдээлэл зөрүүтэй бүртгэгдсэн бол санал хураалт болох өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө Бүртгэлийн төв байгууллагад өргөдөл гаргаж, шийдвэрлүүлнэ.
Улстөрийн намууд сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааг санал авахаар тогтсон өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана. Өөрөөр хэлбэл нэр дэвшүүлэх ажиллагаа 2020.05.10-аас 2020.05.16-ныг дуустал явагдана.
Нэр дэвшигчид хөрөнгө орлогоо 2020.05.19-ний дотор мэдүүлнэ.
Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг 2020.05.26-наас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
Нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө буюу 2020.06.02-ны өдөр олгож, нийтэд мэдээлнэ.
Нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг 2020.06.02-ноос эхлэн нийтэд нээлттэй байршуулна.
Сонгуулийн сурталчилгааг 2020.06.02-ноос эхлэн 2020.06.23-ны 00.00 цагаас өмнө зогсооно.
Санал хураалт болох өдөр: Санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн санал хураалт явуулах өдрийг 2020.06.24 нд товлосон. Энэ өдөр бүх нийтээр амрана.
УИХ-ын гишүүнээр сонгосонд тооцсон тухай шийдвэрийг сонгууль дууссан өдрөөс хойш 15 хоногийн дотор буюу 2020 оны долдугаар сарын 9-ний дотор гаргана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ