Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй шадарлахуу?
УОК- ын шийдвэрээр нисч буй МИАТ- ийн онгоц өчигдөр Япон руу нисч тэндээ хоноод өнөөдөр бүртгүүлсэн иргэдээ аваад эх орондоо ирэх гэж байна. Энэ удаагийн тусгай үүргийн нислэгээр экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирж явна. Тэрбээр бусад монгол иргэдийнхээ хамтаар Наритагийн буудлаас онгоцондоо суусан тухай хэвлэлүүд мэдээлж байна.
Хамгийн чухал нь цагаан морин жилийн Цахиагийн Элбэгдоржийн зүрх зориг хэвээрээ байгаа тухай журмын нөхөд нь магтаж, тэр шоронд орсон ч Нелсон Мандела болоод гарч ирнэ хэмээж байгаа бол иргэд сайшаах буруутгах өөр өөр хандлагатай байгаа нь олон нийтийн сүлжээн дэх сэтгэгдлээс харагдаж байна.
Үгээ бэлдэхдээ цаасан дээр бичээд товчилж, жижиглэж суудаг гэх тэрбээр "Х.Баттулга хэрвээ Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд дахин нэр дэвшвэл би түүнийг сөрж өрсөлдөх болно" гэдэг үгийг энгийн логикоор зүгээр ч нэг хэлээгүй нь мэдээж.
Өөрөөр хэлвэл эзэнтэй энэ пост хэдийгээр Ерөнхийлөгч Х.Баттулгад хаяглагдсан ч дам утгаараа 2021 онд Ерөнхийлөгчид өрсөлдөж магадгүй МАН-ын дарга У.Хүрэлсүх болон, МАН-ын бусад горилогчдод, мөн МАХН-д хандаж Ерөнхийлөгчийн сонгуульд ялья гэж байгаа бол надтай улс төр хийгээрэй гэдэг санааг давхар агуулж байх шиг.
Ер нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарыг улс төрд ах дүүгийн харилцаатай байсан гэдгийг улс төрийн хүрээний мэдэх хэсэг нь мэднэ. Ямар ч атугай экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хорих гэхээр Нелсон Мандела болчих гээд байдаг. Хүнийг хориход бас хүндэтгэх шалтгаан хэрэгтэй байдаг.
Ямартай ч ирэх өдрүүд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид аль ч утгаараа ашигтай харагдаад эхэлсэн юм болов уу?.
Тэрээр өчигдөрхөн өөрийн твиттер хуудаснаа ийнхүү жиргэснийг эргэн нэг сануулья.
Ц.Элбэгдорж:
-"Нутгийн зүг хөлгийн жолоо залахад бэлэн боллоо. УБ-аас Токиод МИАТ-ийн онгоц буух сайхан мэдээ сонслоо. Эх нутагтаа очих сургаар над руу ирэх дайралт ширүүсч байна. Ийм юм надад улам эрч хүч нэмж, намайг хурцалдаг юм.
Цаг болж. Би доорх маягаар хариу барихаар шийдлээ. Болгооно уу" хэмээгээд
"Намайг очих мэдээг албаны шугамаар түрүүлж авсан нэгэн их цочин сандарчээ.
Ирүүлэхгүй араас нь гүтгээд сууж байх төлөвлөгөө нь нурж. "Чамайг тэнд хорино" гэж хүртэл бичүүлж сэвж, айлгаж дарамтлах гэж үзжээ. Ингэвэл ирэхээ больчих байх гэж тооцсон бололтой. Би үүнийг хараад юу бодсоноо шууд хэлчихье.
Хэрэв Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд дахин нэр дэвшвэл би түүнийг сөрж өрсөлдөх болно гэдгээ үүгээр зарлаж байна. Учир нь Х.Баттулга Монголын ард түмний язгуур эрх ашиг, эрх чөлөө, хууль ёсонд хамгийн хор уршиг бүхий албан тушаалтан юм. Түүний харь барьцаанаас Монгол төрийг аврах, чөлөөлөх нь Монголоо гэсэн хүн бүрийн нэн тэргүүний зорилт. Намайг Х.Баттулга махны машинаараа хичнээн далайлгаж, дарамтлах, яллах гэж оролдлоо ч Монгол Улсын хууль, эрх ашгийг зөрчсөн үйлдэл надаас нэг ширхэг ч олж чадахгүй. Надад тийм зүйл байхгүй. Төрийнхөө хуулийг хүндэтгэж, хар цагаанаа шударгаар ялгуулах нь миний хувьд нэр төр, бахархал байх болно.
Эх орон, Эрх чөлөө хоёроо бүтэн байгаа цагт, сонгууль талцал руу эргэж буцахгүй гэж би өөртөө хатуу шийдсэн байсан юм. Гэхдээ хоргоож боргоогоод хандсан зүгт алхуулахгүй бол тулгарах ямар ч бэрхшээл сорилтоос надад хойш суух шалтгаан байхгүй.
Монголын ард түмний язгуур эрх ашиг, ардчилсан эрх чөлөөт сонголтын хувь заяа, ард иргэдийн маань эрх эрх чөлөөт байдал миний эрхэм дээд дуудлага, зорилт байсаар байх болно" гэсэн байна.
Д.Оюу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ