Г.Занданшатар: Бүх зүйл тодорхой бус байхад төсөвт тодотгол хийж болохгүй
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын санаачилгаар УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох албаны хүмүүсийг оролцуулан эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо. Энэ үеэр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын зүгээс коронавирусийн халдавраас урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд төрийн үйлчилгээ үзүүлэх ёстой зарим хороо, комисс хуралдахгүй байгаа нь хүндрэл учруулж байгааг хэлсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн цахим үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтод даалгалаа.
Мөн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүн О.Амартүвшин төсөвт тодотгол хийх шаардлага үүсч байгааг хэллээ. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ нөхцөл байдал ямар хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй. Суурь үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөх нь ч тодорхой бус байгаа учраас төсөвт одоо тодотгол хийж болохгүй" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ