Улсын Онцгой комиссын хуралдаанаар баар, цэнгээний газрыг хаах санал гаргалаа

Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.02.05/ 12.00 цагаас хуралдаж байна. Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхийн 23 улсад тархсантай холбоотойгоор Монгол Улс Хятад, Эрээн хотод суугаа иргэдээ эх орондоо татаж авч байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас Монгол Улсыг шинэ коронавирусийн халдвар тархах өндөр эрсдэлтэй бүсэд багтаагаад байгаатай холбогдуулан Улсын онцгой комисс шуурхай хуралдаж байна.

Онцгой комиссын хуралдааны өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ хуралдсан бөгөөд коронавирусийн өнөөгийн ерөнхий нөхцөл байдал, ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан байна.

Тодруулбал, хурлаар БНХАУ-аас гахай, тахианы мах импортлохыг хориглох, коронавирусийн халдвар орж ирсэн тохиолдолд эмнэлэг, ор бэлэн байлгах зэрэг асуудлыг хэлэлцжээ. Түүнчлэн баар, цэнгээний газруудыг хаах тухай саналыг Засгийн газарт танилцуулахаар болсон байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо 24539 болсон бол нийт 492 өвчтөн нас барж, 911 өвчтөн бүрэн эдгээд байна.

Одоогийн байдлаар, 3129 өвчтөний биеийн байдал хүнд, нэг хоногийн дотор 3800 шинэ тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн 23.2 мянган сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 185.5 мянган нэгдүгээр зэргийн хавьталтай хүн эмнэлгийн хяналтад байна. Шинэ төрлийн коронавирус 27 улсад нийт 213 тохиолдол бүртгэгджээ.  

Мөн Тайваньд зорчоод ирсэн Дархан-Уул аймгийн иргэнд халуурах шинж тэмдэг илэрсэн тул тухайн иргэнийг тусгаарлаж, тандалт, шинжилгээ хийж байгаа талаар ЭМЯ-наас шуурхай мэдээлэл хүргээд байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ