“Монгол Улс хар тамхины эсрэг иж бүрэн тэмцэл явуулах ёстой гэсэн дүгнэлт гарсан”

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар төрөөс хар тамхи, мансууруулах бодисын эсрэг бодлого явуулахгүй бол мафитай болох нөхцөл үүсээд байна гэдгийг анхаарууллаа.

Х.Нямбаатар ХЗБХ-ны намрын чуулганаар хийсэн ажлыг танилцуулах үеэрээ тус байнгын хороо хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хууль зүйн орчны талаарх ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж, Монгол Улс цаашид хар тамхи, мансууруулах бодисын эсрэг иж бүрэн тэмцэл явуулах ёстой гэсэн дүгнэлт гарсан гэдгийг хэллээ.

Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хамааралтай хүмүүсийг албадан эмчлэх эмнэлэг арав хүрэхгүй ортой

Тэрбээр үргэлжлүүлэн “Манай Улсын хэмжээнд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хамааралтай хүмүүсийг албадан эмчлэх эмнэлэг арав хүрэхгүй ортой юм байна. Сүүлийн үед энэ төрлийн хэрэглээ маш хурдацтай өсөж, нас нь залуужиж байна. Ерөнхий хяналтын сонсголын үеэр танилцуулсан мэдээллээр хэрэглээ өмнөх оныхоос нэг дахин өссөн, жил бүр хурдацтай өсөж байгаа талаар мэдээлсэн.

Харамсалтай нь хууль хяналтын байгууллагууд ялгамжтай шийтгэл ногдуулж, хэргийг удааж байна. . Хүүхэд, залуусын үлгэр дуурайл авдаг урлаг соёлынхон төдийгүй хууль шүүхийн байгууллагынхан энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байна. Тиймээс төрөөс үүний эсрэг бодлого явуулахгүй бол мафитай болох нөхцөл үүсээд байна” гэсэн юм.

Хар тамхитай тэмцэх тухай олон улсын зөвлөмжид энэ талаар хэд их мэдээлэх нь эргээд сурталчилгаа болох аюултай талаар дурдсан байдаг тул мэдээллийг гаргахдаа ч цензүртэй хандах ёстой гэдгийг хэлж байв.

Мөн ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын орон тоог нэмсэн бөгөөд цаашид хар тамхи мансууруулах бодистой хийх тэмцлээ урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, таслан зогсоох, албадан эмчлэх, шийтгэх зэргээр иж бүрэн болгох шаардлагатай байгааг онцоллоо. Хууль зүйн байнгын хороо энэ чиглэлээр шахалт үзүүлэн ажиллахаа мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ