Гавьяат дасгалжуулагч,чөлөөт бөхийн ОУХМ Ц.Хосбаяр:Барселоны олимпод аваргын төлөө барилдах боломж байсан
Шинэ оны эхээр болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд "Алдар" спорт хорооны эрэгтэй,эмэгтэй баг тэргүүлсэн билээ.
Эл амжилт "Алдар"-ын ах,дүү дасгалжуулагч нар болох гавьяат дасгалжуулагч,ОУХМ Ц.Хосбаяр,гавьяат тамирчин Ц.Цогтбаяр хоёрын хичээл чармайлт,хөдөлмөр зүтгэлтэй холбоотой нь мэдээж.Ингээд 1980-аад оны сүүлчээс 1990-ээд оны дунд үе хүртэл Монголын шилдэг бөхчүүдийн тоонд зүй ёсоор орж явсан Азийн наадмын хүрэл,тивийн аваргын хошой мөнгөн медальт Ц.Хосбаяртай хийсэн тун сонирхолтой ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.
-Ярилцлагаа таны бага насны дурсамжаар эхэлье.Та аав,ээжээс хэдүүлээ вэ?
-Би 1965 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн.Аав,ээж маань таван хүү,гурван охин,нийт найман хүүхэд төрүүлж өсгөсөн юм.Эрэгтэй хүүхдүүд болсон хойно өөр өөрсдийнхөө хэмжээнд барилддаг байсан учир хувцас гуталнаас авахуулаад өмсч зүүх юмнууд огт тэсэхгүй нь тодорхой.
-Хэр хөдөлгөөнтэй хүү байв?
-Ер нь хөдөлгөөнтэй хүүхэд байсан шүү.Хөлбөмбөг их тоглоно.
-Ингэхэд яагаад чөлөөт бөхөөр хичээллэх болов?
-Манайх намайг гурван настайд буюу 1968 онд Улаанбаатарт нүүж ирсэн юм билээ.Хичээлээ тарж ирээд л Цагаанхуаранд гэрийнхээ хоймор дүү нартайгаа барилдана.Ширээ мөргөх,эвгүй унаад гар,хөлөө гэмтээх энүүхэнд шүү дээ.Орой аав,ээж хоёрыг ажлаасаа тарж ирэхэд дайнаас ирсэн юм шиг л хэдэн амьтан сууж байдаг сан.Би 1982 онд арван жилийн 21-р сургуульд сурч байлаа.Тэгсэн яруу найрагч Бэгзийн Явуухулангийн Энхээ багш маань сургуулийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн зохиоход оролцоод түрүүлчих нь тэр.Дараахан нь Найрамдалын районы аварга шалгаруулах тэмцээнд мөн түрүүлээд,анхны багш,ОУХМ Сүрэнжавынхаа хараанд өртөж,өсвөр үеийн хотын аваргад үзүүрлэн,улсын аваргад гуравдугаар байранд орж,хүрэл медаль хүртээд,тууштай хичээллэж эхэлсэн дээ. -Урам зориг өгсөн анхны амжилт чинь...
-1983 онд хүнд,хөнгөн жингийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд 18 настайдаа түрүүлж байлаа.45 кг-д гол өрсөлдөгчид болох "Цагаан" Баяраа,талийгаач Батбадрал нарыг ялж аваргалсан.
-Та улсын шигшээ багт хэдэн жил болсон бэ?
-1984-1989 он хүртэл "Алдар" нийгэмлэгт тамирчин байлдагч,тамирчин ахлагч байгаад 1989-1994 он хүртэл улсын шигшээ багт хичээллэсээн.
-Оргил амжилт чинь гэвэл...
-Би ер нь гадаадад тэмцээнд түрүүлж үзээгүй юм шүү дээ.Европын "А" зэрэглэлийн тэмцээнүүд болох Тбиллис,Унгарын болон Дан Колов,Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнээс мөнгөн медаль авсан.Бас Улаанбаатарт болдог "Интернационал","Монгол говь" олон улсын тэмцээнд 1989-1992 онд дөрөв дараалж түрүүлсэн хөнгөн жингийн анхны бөх болж байлаа.Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой мөнгө,тивийн наадмаас хүрэл медаль хүртэж,олимп,дэлхийн аваргад шагналт байранд орсон маань миний оргил амжилт юм даа.
-Өрсөлдөгч нараа яаж судалдаг байв?
-Тэр үед одооных шиг ямар бичлэг энэ тэр байсан биш.Өдрийн тэмдэглэл хөтөлж,өрсөлдөгчийнхөө талаар сайн бичиж авна шүү дээ.Тэрнийгээ л сайн уншиж,бэлтгэл дээр давтана.
-Гол өрсөлдөгч нар чинь хаанахын хэн хэн байв?
-Монголдоо Батбадрал,Сэргэлэнбаатар хоёр,гадаадаас БНАСАУ-ын Ли Зе Сик,Ким Иль,Оросын Вугар Оружев гээд л.Ли Зе Сик дэлхийн хошой аварга,Ким Иль олимпын хошой аварга,Оружев олимпын хүрэл медальтай,дэлхийн хошой аварга.Оружев ЗХУ,ТУХН,Беларусь,Оросын нэр дээр барилдсан юм.Одоо ч заримынх нь нэр,овгийг мартжээ.
-Ким Иль,Ли Зе Сик нартай хэдэн удаа барилдав?
-Хоёулантай нь хоёр,хоёр удаа барилдаад хожигдсон.Ким Ильтэй 1992,1993 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний шигшээд барилдсан.Эхнийх нь Тегеранд,дараагийнх нь Улаанбаатарт болсон юм.
-Бүх цаг үеийн 48 кг-ын дэлхийн болон Монголын шилдгээр та хэнийг нэрлэх вэ?
-Ямар ч маргаангүйгээр гавьяат тамирчин,дэлхийн аваргын хүрэл медальт Энхтайван ахыгаа хэлнэ ээ.
-Таны үеийн шигшээ багийг одоогийнхтой харьцуулбал...
-Бидний үеийн шигшээ баг маш хатуу сахилга бат тай,бэлтгэлийг хийсэн шиг хийдэг байжээ.
-Одоогийн бөхчүүд маань хятад,энэтхэгүүдэд ялагддаг болж.Түүгээр ч барахгүй дэлхийн аваргын хүрэл медальт бөх маань олимпод сенегалд ялагдаад л.Та тэдэнд ялагдаж байв уу?
-Нэг ч удаа ялагдаж байгаагүй шүү.Би нэг ярилцлагандаа хятад бөхөд ялагдаж үзээгүйгээ бахархан ярьсан удаа ч бий.
-Таны дархан мэх...
-Хүч чадал,бяр тэнхээ муу хүн чинь гарт эргэх,өмсөх,хөл авах,хурдтай давхар хамах,толгой уургалж сэхээ өгөхгүй ард нь гарч оноо түүдэг байлаа.Цаг дуусч байхад оноо авч ялаад аваргалсан хоёр ч барилдааныг маань Магсар багш онцолж,номондоо оруулсан байдаг юм.Ер нь их л хурдтай барилддаг байсан шүү.
-Та дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэдэн удаа оролцлоо?
-Хоёр оролцсоон.1989 онд Швейцарийн Мартини хотод болсон дэлхийн аваргад Ардчилсан Солонгосын Ли Хак Сон,Зөвлөлтийн Межлумян хоёрт хожигдоод ест орсон.Манай жинд Өмнөд Солонгосын Ким Жон Шин түрүүлж,Ли Хак Сон,Межлумян хоёр мөнгө,хүрэл медаль авсан.Дараа нь 1991 онд Болгарын Варнад Ким Жон Шинийг хожих боломж байсан.Ер нь бид хоёрын барилдаан дандаа л маргаантай болдог юм.Яг л тэр жамаараа маргаантай барилдаан болж,би ялагдаж байлаа.Бид хоёр гурван удаа барилдахад эхнийх нь буюу 1990 онд Бээжинд зохиогдсон Азийн 11-р наадамд би хожоод,1991 оны дэлхийн аварга,1992 оны олимпод будилаантайгаар хожигдсон доо.Харин олимпоос медаль авах боломж байсан ч ашиглаж чадаагүй.
-Барселоны олимпод хэрхэн барилдсанаа жаахан тодруулаач...
-Эхний хоёр тойрогт Нигерийн Ожог 3 минут 2 секундэд,Испаний Санчесийг 2 минут 22 секундэд оноогоор цэвэр ялсан.Дараа нь Унгарын Рашованд 8:10-аар,дөрөвдүгээр тойрогт дэлхийн аварга,Солонгосын Ким Жон Шинд 3:5-аар хожигдсон.Долдугаар байрын төлөө Болгарын Абрамовтой барилдах байсан ч бэртлийн улмаас дэвжээнд гараагүй.Ингээд л наймдугаар байранд орсон доо.Миний жинд Ардчилсан Солонгосын Ким Иль түрүүлж,Өмнөд Солонгосын нөгөө Ким Жон Шин мөнгө,ТУХН-ийн Вугар Оружев хүрэл медаль авсан.
-Цогтбаяр гавьяат,ТУХН-ийн Сергей Смаль хоёрын барилдаан будилаантай болсон гэдэг...
-Манайхан 100 доллар төлж,бичлэг дахин үзсэн ч 7:7-гоор тэнцсэн гээд,гарыг нь өргөсөн гэдгээр Смальд ялалт өгсөн.Тэр цааш амжилттай барилдсаар мөнгөн медаль хүртсэн юм.Харин Смаль хожим нь "Би сайндаа Монголын Цогтбаярыг ялаагүй ээ.Зүгээр л аз таарсан юм " гэж ярьсан байдаг.
-Барселоны олимпод Энхбаяр дүү чинь 52 кг-д барилдсан.Монголд битгий хэл дэлхийд ах,дүү гурван бөх олимпод цуг оролцсон нь ховор биз?
-Тийм ээ.Барселоны олимпоос эхлээд олимпын наадамд эрх авч оролцдог болсон юм.Хоёр дүү маань өмнөх жилийн Варнагийн дэлхийн аваргаас,би 1992 онд Ираны Тегеранд болсон Азийн аваргаас олимпын эрх авсан.Олимпод би наймд,хоёр дүү маань аравт орж байлаа.
-Та гурав олон ч тэмцээнд цуг ороо байлгүй.Гурвуулаа медаль хүртсэн тохиолдол бий юу?
-Монголд бол насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн,"Монгол говь" олон улсын "А" зэрэглэлийн тэмцээнд нэг өдөр гурвуулаа аварга болж байлаа.1988 онд Тбиллисийн олон улсын тэмцээнд манай арван бөх оролцоход би мөнгө,Энхбаяр маань хүрэл медаль авсан.Бас 1992 оны Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнд гучуулаа яваад Цогтбаяр бид хоёр л медальтай ирсэн.Би мөнгө,дүү маань хүрэл.
-Санаанаас тань гардаггүй барилдаан гэвэл...
-Барселоны олимпод дөрөвдүгээр тойрогт дэлхийн аварга,Солонгосын Ким Жон Шинтэй таарч,бэлдсэн мэхээ хийсэн ч өрсөлдөгч маань миний суганд сэжсэн юм.Тэгэхэд нь би толгойг нь уургалан,хөлөө өгч шидтэл миний гурван оноог Кимд өгч,хоёр оноогоор хожигдож байлаа.Түүнийг хожсон тохиолдолд тэр үеийн дүрмээр румын,солонгос,бид гурав,гурван биеэ тойрч хожсон тул би группээсээ нэгээр гарч,алтын төлөө барилдах боломж байсан.
-Тэгвэл хамгийн харамсалтай бас хүнд барилдаан...
-"Бээжин-1990" Азийн тоглолтод өнөөх л Кимээ оноогоор ялаад,БНАСАУ-ын бөхийг 1:0-ээр хожиж явсан ч цаг дуусахаас гуравхан секундын өмнө гурван торгуулиар хожигдож,аварга болох боломжоо алдаж байлаа.
-Жин хэр их хасдаг байв?Дээд жиндээ барилдаж байсан уу?
-Нэг их хасдаггүй байсан шүү.Энгийн үедээ 52 кг гарантай л байсан.Харин Улаан-Үдэд нэг,Солонгост гурван удаа халз тэмцээнд 52 кг-д барилдсан.
-Медалиудаа тоолж үзсэн үү?Хамгийн хүндтэй медаль чинь...
-Тоолж үзээгүй ээ.Хамгийн хүндтэй нь гэвэл 1992 онд Красноярскт болсон олимпын хошой аварга,дэлхийн аварга Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнд долоон тойрог барилдаад,аваргын төлөө нутгийн бөх,дэлхийн аварга Вугар Оружевт 2:3-аар хожигдож хүртсэн мөнгөн медаль.
-Тэр үеийн дотоодын 48 кг-ын өрсөлдөөн тун ширүүн байсан гэдэг.Сэргэлэнбаатар,талийгаач Батбадрал та гурвын ялалт,ялагдлын харьцаа ямар байдаг вэ?
-Сэргэлэнбаатар л мэднэ дээ(инээв).Би илүү олон хожсон байдаг юм.
-Тамирчин байхдаа т тэмцээний зардлаа өөрөө олдог байсан уу?
-Ёстой үгүй шүү.Бүх зардлыг улсын шигшээ баг,Биеийн тамир,спортын газар гаргадаг сайхан цаг үе байжээ.
-Медаль аваад ирэхэд урамшуулал шагнал нь хэр байв?
-"А" зэрэглэлийн олон улсын тэмцээнд түрүүлэхэд 1000 төгрөг,дэд байр 800 төгрөг,хүрэл медаль 500 төгрөг байсан санагдана.
-Та ид үедээ хэр гэмтдэг байв?
-Азаар том гэмтэл,бэртэл авч байсангүй.Бие халаалт дээр ч,дэвжээн дээр ч биеэ маш зөв авч явдаг байсан.Барилдахаа болиод харин 2009 онд нуруундаа хүнд бэртэл авсан,өнгөрсөн оны сүүлчээр нэг хөлөө хугалах шив дээ.Ер нь гэмтэл надаас хаа очиж холуур байсан шүү.
-Таны зодоглосон сүүлчийн тэмцээн...
-1995 онд байх аа,МЧБХ-ны цомын тэмцээнд оролцсон.Өө мартчихаж,41-тэйдээ 2006 оны улсын аваргад 50 кг-д зооны аваргын төлөө шавь Эрдэнэбаяртаа өгч спортын мастер болгоод,хүрлийн төлөө Эрдэнэтийн Уянгасайханд хожигдсон юм байна.
-"Том" Сүхбат агсан,Баярсайхан заан та гурав БТДС-ийн нэг анги юм билээ.Нэг ангиас гурван гавьяат төрөх ч бас ховор тохиолдол байх шүү...
-Тийм шүү.Бас доктор Баярлах,"Хэлтгий заяа" киноны гол дүрийг бүтээсэн Долгор нар манай анги гэхээр ямаршуухан төгсөгчидтэй нь тодорхой байгаа биз дээ?
-Манай чөлөөтийнхний амжилт уруудсаар л.Энэ талаарх таны бодол...
-"Олимпоос алт авна,чадахгүй бол ажлаа өгнө" гэсэн нөхөд байгаа,байгаа.Энэ талаар ярих сонирхол ч,хүсэл ч үнэхээр алга.Ах нь "Алдар" дээр тамирчдаа бэлдээд л байж байя.
-Токиогийн олимп хаяанд ирлээ.Гэтэл манайхан ердөө хоёрхон эрхтэй.Энэ байдлаараа чөлөөтийнхнөөс медаль горьдоод хэрэггүй юм шиг...
-Наад асуултаа Батбаяр,Баттулга хоёроос асуусан нь дээр болов уу.
-Дэлхийн аварга Цэрэнчимэд,Орхон хоёр таны унаган шавь билүү?
-Тийм ээ,Цэрэнчимэд 12-тойдоо,Орхон 14-тэйдээ ирж байлаа.
-Шавь нараас чинь дараагийн Орхон,Цэрэнчимэд,Мандахнаран нар хэзээ төрөх бол?
-Удахгүй ээ.
-Орхоны сэргээштэй холбогдсон тухайд...
-Хүн хорлосон гэж боддог.Дэлхийн аварга болсноос допинг илрэх хүртэл таван шинжилгээнд зүгээр гарчихаад ганц удаа багшгүй явахад ийм явдал болсон шүү дээ.Ядахад тэр үед намайг цагдаад өгөөд хилийн хориг тавиулчихсан байсан юм.
-Танд яагаад хориг тавьсан юм бол?
-Энэ тухай хоёулаа дараа тухтай ярилцъя.Одоо ярилцах боломжгүй байна аа.
-Гавьяатын барилдах эрх 2022 онд сэргэнэ.Дэвжээндээ эргэж ирэх болов уу?
-Энэнд би харин 100 хувийн итгэлтэй байгаа шүү.
-Тантай холбоотой байгаа юу?
-Мэдээж үргэлж холбоотой байгаа.Миний хоёр шавь өнгөрсөн жил үрийн зулай үнэрлээд бөөн баяр яваа.Шавь нарынхаа гэр бүлд аз жаргал,сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Та гэр бүлээ танилцуулаач.Эхнэртэйгээ хэзээ яаж танилцав?
-1994 онд найзындаа анх танилцсан юм.Манай хүн 23-р сургуульд бага ангийн багшаар ажилладаг.Бид гурван хүүхэдтэй.Том хүү маань ОХУ-д эдийн засгийн чиглэлээр,бага хүү Хүмүүнлэгийн их сургуульд,охин 23-р сургуульд сурдаг.
-Хөвгүүдээс тань барилдах нь уу?
-Үгүй ээ,хоёр хүү маань хөлбөмбөг тоглодог.
-Та хэзээнээс "Алдар"-т дасгалжуулагчаар ажиллах болов?
-1984-1989 онд "Алдар"-т тамирчин байлдагч,тамирчин ахлагчаар ажиллаж байгаад 1989-1993 онд УБИС-ийн харьяа БТДС-ийн багш дасгалжуулагчийн ангид сурч төгссөн.Харин 1997-2001 он хүртэл "Монген" цогцолбор сургуульд дасгалжуулагчаар ажиллаад,2002 онд "Алдар"-таа эргэж ирсэн дээ.Би энгийн орон тоон дээр дасгалжуулагчаар ажилладаг.Дашрамд дурдахад миний хийсэн ажлыг үгүйсгэдэг хэсэг бүлэг нөхөд бий.Тэдэнд хандаж хэлэхэд "Алдар" спорт хорооны чөлөөт бөхийн дасгалжуулагчийн ажлыг авснаас хойш дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Одончимэг 2009 онд хүрэл,Мандахнаран 2014,2015 онд хүрэл,Цэрэнчимэд 2014,2015 онд алт,мөнгө,Орхон 2017 онд алтан медаль хүртсэн.2009 оныг хүртэл "Алдар"-ын чөлөөтийнхөн дэлхийн аваргаас медаль авч чадалгүй 16 жил болоод байсан юм.1993 онд Торонтогийн дэлхийн аваргаас дүү Цогтбаяр маань медаль авсан."Алдар"-ын бөхчүүл энэ хугацаанд сурагчийн,өсвөрийн,залуучуудын,оюутны,цэргийн,насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас 50 орчим алт,мөнгө,хүрэл медаль хүртээд байна.
-Улсын шигшээ баг гэдэг нэрийн дор багш дасгалжуулагч болгоны урдаа барьдаг гарын шавь нарыг "булааж авах" нь зөв үү?
-Уг нь шигшээ багт очих нь тамирчдын хувьд өсч дэвжих,тэмцээн уралдаанд гадагшаа явахад замын зардал дээр тус дэмтэй байлгүй яах вэ.Ямар багш дээр очих нь л амжилтын гол үндэс шүү дээ.Ер нь "Би чадна"-чууд аль ч салбарт байдаг болж.
-Ярилцлагынхаа төгсгөлд та юу хэлэх вэ?
-Монголын бөхчүүд Токиогийн олимпод амжилттай оролцож,олон медаль авахыг хүсэн ерөөе.
Ярилцсан Ш.Эрдэнэтөр
1987 онд болсон Монголын бүх ард түмний наймдугаар спартакиадын аваргууд.Өвөр эгнээнд зүүнээс:Ц.Хосбаяр(48 кг),Т.Сүхбаатар(52 кг),А.Энхээ(68 кг),Д.Оюунболд(62 кг),Х.Баттуул(57 кг),арын эгнээнд зүүнээс:Д.Цэрэнтогтох(130 кг),З.Дүвчин(90 кг),П.Сүхбат(82 кг),А.Баатархүү(100 кг),Б.Болд(74 кг) нар
Дэлхийн аварга С.Цэрэнчимэд,П.Орхон нарын хамт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ