Ч.Сайханбилэгтэй холбогдох хэргийн шийдвэртэй холбогдуулан мэдээлэл хийлээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Дархан монгол ногоон нэгдэл ТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох хэргийн шийдвэртэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

"ДМНН" ТББ нь нийтийн өмчийг хамгаалах зорилгоор нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхэд Монголын Улсын Ерөнхий сайдын 2015 оны дөрвөн захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор хандаж Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхээс 2019 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, "Дархан Монгол ногоон нэгдэл" ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Уг шийдвэрийг тус шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал танилцууллаа.

Тэрбээр, "Нэхэмжлэгч "Дархан Монгол ногоон нэгдэл" ТББ-аас Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 27, 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 93, 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 19, 2015 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 123-р захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоох тухай Ерөнхий сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн.

Маргаан бүхий дөрвөн захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг удирдамжид заасан үйл ажиллагааг хэрэгжүүлсэн, захирамжаар гарын үсэг зурах эрх олгогдсон этгээд хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан зэргээр дөрвөн захирамжийн зохицуулалтын үйлчилгээ дуусгавар болсон, маргаан бүхий захирамжууд биелэгдсэн учир шүүхээс эдгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэлд заасан нийтийн өмчийн эрх буюу хууль ёсны ашиг сонирхол нь шууд сэргээгдэхгүй.

Мөн эдгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоосноор эдгээрийн эрх зүйн үр дагавраас үүссэн бусад харилцаа буюу түүний дотор Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө гэж нэрлэгдэх хөрөнгө оруулалтын гэрээний хүчин төгөлдөр байдлыг хөндөхгүй, түүнд нөлөөлөхгүй.

Учир нь маргаан бүхий захирамжийн эрх зүйн үр дагавраас үүссэн эрх зүйн бусад харилцаа нь тусдаа өөр төрлийн харилцаа ба эрх зүйн өөр актад хамаарч байх тул бусад харилцаа ялангуяа Оюу толгой компанийн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөний хүчин төгөлдөр байдлыг хөндөхгүй, түүнд нөлөөлөхгүй гэдгийг албан ёсоор баталгаажууллаа" гэв.

Түүнчлэн Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний хууль зүйн үндэслэлийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаагүй, хариуцагч энэ талаар маргаагүй тул

  • нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болохыг,
  • хэргийн оролцогчдын маргааныг асуудлаар шүүх дүгнэлт хийх, шийдвэр гаргаж болохгүйг үндэслэн Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний бүх оролцогчийг гуравдагч этгээдээр татах үндэслэлгүй гэж үзсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ