Л.Болд: Бид 12-р сарын 10-нд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн өдөр тэмцлээ эхлүүлнэ.
Улсын ерөнхий прокурорын газарт УИХ-ын гишүүн, С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судлах Түр хорооны дарга Ж.Батзандан, Л.Болд нар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах өмгөөлөгчдийн хүсэлтийн хариуг шаардав.
Энэ үеэр Шинэ намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ Олон улсын нэг байгууллага, дотоодын хоёр байгууллага Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж ял тулгасан гэдэг нь албан ёсоор тогтоогдсоныг нотолсон дүгнэлт шийдвэрүүдээ гаргасан. Олон улсын байгууллага гэдэг нь Олон улсын парламентийн холбоо, түүний дэргэдэх хүний эрхийн хороо. Дотоодын байгууллагууд нь ХЭҮК. Тэднийг эрүүдэн шүүж ял тусгасан гэсэн дүгнэлтээ гаргаад өгчихсөн. Гурав дахь нь УИХ-ын дэргэд байгуулагдсан түр хороо дүгнэлт гаргаад өнөөдөр прокурорт албан ёсоор дүгнэлтээ хүргүүлж байнa
Гурван шатны шүүхээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нөхцөл байдлыг анзааралгүйгээр, судлалгүйгээр шийдвэр гаргасан. Энэ бол шинээр илэрсэн нөхцөл байдал. Мөрдөн байцаагч, прокурорын хууль бус үйл ажиллагаанаас болж Монгол Улсын иргэд хэлмэгдэж, шүүх ял өгсөн, шийтгэсэн тохиолдолд хожим нь мөрдөн байцаагч, прокурорын буруутай нь илэрвэл үүнийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээж шалгадаг.
Хоёр дахь том шалтгаан бол Амгаланбаатар гэж хүн мэдүүлгээсээ буцсан. Тэрбээр “энэ хоёр хүнийг би гүтгэчихсэн юм аа. Мөрдөн байцаагч, тагнуулын ажилтнууд надад 500 сая төгрөг өгч, гадаадад гаргана гэж амласан учраас би гүтгэчихсэн. Уучлаарай” гэсэн захиаг Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдэд ирүүлсэн. Энэ бол шинээр илэрсэн нөхцөл байдал. Тиймээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шинээр сэргээн шалгах ёстой.
Монголын хамгийн том хулгайч, луйварчид зугатаж гараад далайн эрэг дээр амарч байна. Ардын хүүхдүүд шоронд тамлагдаж ясаа цайтал сууж байна. Үүнийг Шинэ нам хүлээн зөвшөөрөхгүй. Шинэ нам ардын хүүхдүүдийн төлөө, шударга ёсны төлөө тэмцэхээр байгуулагдсан нам юм. Монголын төр ард түмэндээ дэндүү ялгавартай хандаж байна. Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг зориуд зугатаалгасан. Хэрвээ 12 сардаа багтааж энэ хүмүүсийг суллахгүй бол Шинэ намаас бүх нийтийн жагсаал цуглаан, улс төрийн тэмцэл зохион байгуулахаа албан ёсоор мэдэгдэж байна.
УИХ-ын гишүүн Л.Болд хэлэхдээ ”Монголын ардчилал хаана очсон байна. Монголд ардчилал байна уу үгүй юу гэдгийг Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хувь заяанаас харж болно. Өнөөдөр Монголын ард түмэнд ямар ч эрх эрх чөлөө алга. Чөлөөт хэвлэл алга. Бүх зүйл цаанаасаа зохион байгуулалттай, найруулгатай, Монголын ард түмний эрх ашгийн эсрэг хуйвалдаан явж байна.
Монгол хүний эрх чөлөөг өнөөдөр Б.Содномдаржаа, Т .Чимгээ нарын эрх чөлөөгөөр төлөөлүүлж ойлгож болно. Энэ хоёр гэмгүй иргэнийг гаргах цаг нь болсон. Бүх нөхцөл нь бүрдсэн. Бид 12-р сарын 10-нд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн өдөр тэмцлээ эхлүүлнэ. Мөн 12 сарын 27-нд дахин гудамжинд гарч, Монголын ард түмэнтэйгээ хамт тэмцэх болно.” Гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ