Х.Баттулга: Мэдээллийн технологийг бид нийгмийн сүлжээнээс өөрөөр ашиглаж чадахгүй байна

Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимжүүлсэнтэй холбогдуулж Эстони Улсын холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй “Дижитал Монгол Улс” форум Гадаад харилцааны яаманд эхлэв. Энэ форумаар өнөө цаг үеийн онцлох сэдэв болох дижитал эрин, хувьсалд Монгол Улс хэрхэн оролцох, тулгамдаж буй асуудал, түүний гарц шийдэл болоод цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцэх юм.

Форумд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон Эстони улсын И-Засаглалын академийн дэд захирал Ханнес Асток нарын төлөөлөгчид оролцож байгаа аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус хурлыг нээж үг хэлэв. Тэрээр илтгэлдээ “Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс эрхлэн "Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан"-г гаргасан байна. Үүнд дэлхийн 63 улсыг 51 үзүүлэлтээр тодорхойлоход манай улс сүүлээсээ хоёрдугаар байрт буюу 62-т эрэмбэлэгджээ. Тайлангийн үзүүлэлтийг мэдлэг, технологи, ирээдүйд бэлэн байгаа байдал гэсэн гурван шалгуураар авч үзсэн байна.

Энэхүү индексээс харвал Азийн улс орнуудаас Хонг Конг, Өмнөд Солонгос улс эхний 10-т багтжээ. БНХАУ 22-т жагссан байна. 2019 оны наймдугаар сарын байдлаар манай улсын ухаалаг утас хэрэглэгчдийн тоо гурван сая 400 мянгад хүрсэн буюу хүн амаасаа давсан үзүүлэлттэй байна. Монгол Улс бизнес, хүмүүсийн амьдрал, боловсролын салбар, худалдаа үйлчилгээндээ мэдээллийн технологийг ашиглах суурь нөхцөл бүрдсэн. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар өвчтөний оношийг зөв тогтоох боломж бий.

Дугуй шинээр зохиох гэж оролдох шаардлага бидэнд байхгүй. Хүн төрөлхтний бий болгосон бэлэн мэдлэг, туршлага бидэнд байна. Дижитал шилжилт нэр дор Улаанбаатар хотын захиргаа нэг веб сайт хийхэд 2.6 тэрбум төгрөг төсөвлөснийг НИТХ дахь цөөнхийн бүлэг шүүмжилсэн байсан. Зөвхөн цахим хуудсанд 2.6 тэрбум төгрөг зарцуулсанаас ТҮЦ машин 100-г аваад тараан байршуулах нь иргэдэд тустай, бодитой дижиталд шилжиж буй үйл явц болно гэж шүүмжилсэн байсан.

Манай Улс жолоочийн татварын үйлчилгээг цахимжуулсан гэж ярьж буй ч 400 мянган жолоочоос 24 мянга нь л цахимаар татвараа төлсөн байна. Цахим шилжилт хийж байна гэж буй ч бодит байдалд энэ нь хэр биеллээ олсныг авч үзэх хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газар, Оксфордын их сургуультай хамтран хийсэн "Цахим эрин үе дэх Монгол Улс" судалгааны үр дүнгээс харахад мэдээллийн технологийг бүх салбарт ашигласнаар хөгжлийг эрс хурдасгах боломж байна.

Дижитал Монгол Улс болохын тулд төр ганцаар бус хувийн хэвшил,их, дээд сургууль, судалгаа, олон улсын байгууллагуудын оролцоо нэн чухал байна. Мэдээллийн технологийг бид нийгмийн сүлжээнээс өөрөөр ашиглаж чадахгүй байна. Мэдлэгт суурилсан өндөр технологийг шуурхай ашиглах зах зээл бий болгох нь чухал" гэсэн юм.

Тус хуралд Эстон Улсаас хоёр төлөөлөгч иржээ. Тус улс нь манай улстай төстэй, 1.2 сая хүн амтай. Эстон Улс хэрэглээгээ цахимжуулснаар авилга, хээл хахуулиас эхлээд төрийн үйлчилгээг хялбар болгосон зэрэг олон асуудлаа шийдэж чадсан туршлагатай улс хэмээн онцолж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ