Төрийн албаны зөвлөл төвхнөж амжаагүй л байна уу?
Төрийн албаны ерөнхий шалгалтыг шинэ хуулийн дагуу орон даяар авч дууслаа. Энэ 2019 оны 1 дүгээр сараас эхлэн Төрийн албаны шинэ хууль хэрэгжиж эхэлсэн.
Төрийн албаны шалгалт авахад аль болох хүний оролцоо бага байхыг харгалзаж байгаа гэсэн. Гэхдээ л хиймэл оюун ухаан ажиллаад ажиллаад хүний оролцоогүй үйл гэж байхгүй.
Энэ удаагийн цахим шалгалтад 9000 орчим хүн орсон. Үүнээс төрийн албыг сонирхогчид их байгаа нь харагдаж байна. Ерөнхий шалгалтдаа тэнцсэн иргэд хоёр дахь удаадаа тухайн албан тушаал буюу ажлын байрны шалгалт өгөх юм.
Анх удаа авсан энэхүү шалгалтын талаар зарим албаны хүмүүс байр сууриа илэрхийлээд эхэллээ. Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга гэхэд тухайн шалгалтын алдаа оноотой талыг маш тодорхой мэдээлжээ.
Нээрээ л шалгуулагчидаас сонсоход зарим асуулт агуулга муутай, ойлгомжгүй байсан. Түүхийн чиглэлийн асуулт гэхэд учир дутагдалтай байсан талаар хэлэв.
Ерөнхий шалгалтад 35 оноо авсан бол тэнцэнэ. Гэтэл нэг ойлгомжгүй асуултаас болоод нилээн олон хүн унажээ. Түүнийгээ ТАЗ зөвшөөрч тухайн асуултаас болж 1 оноо дутсан иргэдийг тэнцүүлсэн байна.
Шинэ хуулиар Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээг нэмэгдүүлж хараат бус, бие даасан байдлыг нь хангаж өгчээ. Бүрэн эрхийг нь нэмэгдүүлж, хүлээх хариуцлагыг нь өндөржүүлжээ.
ТАЗ-д хөндлөнгөөс нөлөөлөхийг аливаа хэлбэрээр оролдох, хараат бус, бие даасан байдалд халдах оролдлого хийсэн субьектийг ажил албан тушаалаас огцруулах, чөлөөлүүлэх санал гаргах эрхтэй болсон.
Түүнд төрийн гурван өндөрлөг ч хамаарах аж. Хэрвээ үүнийг үнэхээр амьдрал дээр хэрэгжүүлж чаддаг бол маш том өөрчлөлт.
Төрийн албаны зөвлөл нь өмнө хэдхэн хүнтэй ажиллаж байсан бол хүч нэмэгдүүлж, нийт 56 албан хаагчтай болсон.
Захиргаа, удирдлагын, сонгон шалгаруулалтын, хүний нөөцийн удирдлага, аудитын, маргаан хянан шалгах гэсэн 4 газартай ажиллаж байна. Шүүхийн дайны үйл ажиллагаа явуулна гэсэн үг.
ТАЗ-ийн www.csc.gov.mn албан ёсны вэб хаяг руу ороход ажлын албаны дарга Б.Алтанзул, сонгон шалгаруулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Пүрэвдагва нар томилогдон ажиллаж байгаа юм байна.
Вэб сайтдаа мэдээлээ тавиагүй юу, сонгон шалгаруулалт явагдаагүй байна уу бусад хүмүүсийн талаар мэдээлэл нь хоосон байна.
Юутай ч ажлын албаны даргын ажлын байр л зарлагдсан. Бусад нь зарлагдаагүй байгаа. ТАЗ уг нь өөрсдөө шуурхай, хурдан ажиллах хэрэгтэй.
Шинэ хуульд орсон чухал заалт бол үүрэг гүйцэтгэгчдийн хугацаа юм. Гэтэл түр орлон гүйцэтгэгч гэдэг нэрээр хаацайлж сонгуулийн 4 жилийг үүрэг гүйцэтгэгч нэрээр өнгөрөөж байгаа дарга нар олон байна.
Цаг нөгцөөж байгаа үүрэг гүйцэтгэгчидийг даруй чөлөөлье.
Боловсролын салбарт гэхэд Анагаахын захирал Цолмон, МУБИС-ийн захирал Мандах гэхэд үүрэг гүйцэтгэгчидийн хугацаа аль хэдийн дууссан. Боловсролын яамны газрын дарга нар дотор ч үүрэг гүйцэтгэгч нар хэд хэдээрээ байна.
Чадвар, мэдлэгтэй хүмүүст боломж олгохгүй үүрэг гүйцэтгэгч нэрээр үүрэг цайлгагсадын шийдвэрийг хэдий хүртэл хүчин төгөлдөр гэж хүлээж авах бэ.
Шинэ хуулиар бол 80 хоногт багтаан, түр орлон гүйцэтгэгчийг асуудлыг шийдэх боломжтой юм байна. Гэтэл юун 80 хоног 4 жил гүрийж байгаа этгээдүүдэд ямар хариуцлага хүлээлгэх бэ ТАЗ.
Мөн төрийн албаны шалгалт өгөөгүй хүнийг ар өврийн хаалгаар ажиллуулдаг, шалгалтад унасан хүн ажлаа хийж байдаг, тэнцсэн хүнийг нь ажлын байранд тавьдаггүй, сул ажлын байрыг зарлахгүй нуун дарагдуулдаг зэрэг ноцтой зөрчлүүд зарим даварсан байгууллагуудад байна.
Аль ч байгууллагад “өөрийн хүнээ тавих” гэсэн хэллэг байна. Үүнийг л төрийн албаны зөвлөл таслан зогсооё.
Энэ мэтчилэн ТАЗ-д зөрчилтэй асуудлыг даруйхан цэгцлэж, урсгалаараа явах биш хүчирхэг байдлаа харуулах цаг болжээ.
ТАЗ нь Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх гэх мэт бүрэн эрх чадвартай болжээ.
Төрийн албаны зөвлөл ийм мундаг данагар эрхтэй болсон атлаа энэ байдлаараа ажиллаж чадаж байгаа болов уу.
Гэтэл хууль бусаар халагдсан төрийн албан хаагчид шүүхийн шийдвэр, ТАЗ-өөс шийдвэр гаргуулаад ч тоодоггүй, хүлээж авдаггүй, авч хэлэлцдэггүй том толгойтой удирдлагууд байна.
Энэ мэтчилэн төрийн албанд хийдүүлсэн, цоорхойг ашигласан олон дутагдлууд байна.
Бүрэн эрх, чадамж өндөртэй болсон ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ түүний дарга Б.Баатарзориг нар төрийн албан дотор байгаа бугшсан буртаг, булингарыг цэвэрлэх ажлаа хурдан, шуурхай хийгээсэй.
Э.Саруул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ