ЯАГААВ БААТАРБИЛЭГ НУРААЧИХСАН ШҮҮ ДЭЭ


    Улаанбаатар бол шинэ цагийн хот. Нийслэлийн хөгжлийг он цагийн түүчээгээр бодоход 1921 он буюу хувьсгалаас өмнөх, ардын хувьсгалаас хойш 1950-иад оны социалист Улаанбаатар, 1990 оноос хойших шинэ цагийн Улаанбаатар хэмээн үечилж болно.

Хувьсгалаас өмнө 700 гаруй сүм хийдийг нурааж түүнээс үлдсэн долоохон шашин, соёлын дурсгал эдүгээ нийслэлд байна. Энэ бол Гандантэгчинлэн хийд, Гэсэр сүм, Дамбадаржаалин хийд, Дашчойлон хийд, Богд хааны ордон, Чойжин ламын сүм зэрэг бидний мэдэх хэдхэн сүм, хийдийг нэрлэж болно.

Гэсэр сүм гэхэд 1900-аад оны үед баригдсан хамгийн эрт настай сүм. Одоо барилгачдын талбай гэж нэрлэгддэг газрыг тойроод түүх, соёлын дурсгалын хэдэн барилга байдаг.

Тухайлбал: Занабазарын нэрэмжит музей, түүний ард талд “Марк” гээд гутлын дэлгүүр байгаа газар монголын анхны эмийн сан ажиллаж байжээ. Түүнийг Цагаан хааны аптек гэж нэрлэж байж.

Хожмын үеийн гэгээнтний сүм гэж шашны байгууллагын төвхнөсөн газар бол нийслэлийн анхны өндөр хоршоо. Орой нь харагдахгүй өндөр байшинг үзье гэж нүд баясгах гэсэн хүмүүсийн хөлд дарагдаж байсан газар. Энэ мэтчилэн бид түүхтэй улс.


Хувьсгалын үеэс үлдсэн ийнхүү цөөн хэдэн түүх, соёлын дурсгалуудыг бүгдийг зүй бусаар ашиглаж байна. Ер нь бол түүх соёлын барилгад соён гэгээрүүлэх, сургалт, боловсролын үйл ажиллагаа явуулна гэж хуульд заасан байдаг.

Гэтэл одоо байгаа эдгээр дурсгалуудыг дэлгүүр, баар, зоогийн газар, агуулахын зориулалтаар ашиглаж байна. Баянзүрх дүүрэг дэхь Консулын нууц бүлгэмийн байрлаж байсан жижигхэн байшинд одоо дүүргийн агуулах байдаг.

1950-иад оны социалист бүтээн байгуулалтын үед эдүгээ нийслэлийн өнгө төрхийг чимж байгаа ч хуучирч, элэгдсэн гэж улстөрчидөд гоочлогдон нураагдаж буй түүх, соёлын дурсгал болсон барилгууд багтана.

Драмын театр, Дуурийн театрын барилга, Байгалийн түүхийн музейн барилга зэрэг уран барилгын хийц, дизайны бүрэн цогц бүтээлийг социалист Улаанбаатарын урчууд урлажээ.


Дуурийн театрын доторх орчин нь гэхэд гайхамшигтай. Иймэрхүү бүтээл дахин давтагдашгүй.

Монголын уран сайхны “Аман хуур” киног үзээгүй хүн байхгүй. Энэ бол улс орны бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, нийслэл хотыг хэрхэн бий болгож байгааг уран сайхнаар харуулсан бүтээл.

Энэ киног бүтээсэн зохиолчийг тухайн үед Барилгын яамнаас гурван өрөө байраар шагнаж байсан гэдэг.

Нийслэл хотыг барихад гол үүрэг гүйцэтгэсэн газар бол Бэлхэд байрладаг тоосгон завод. Монголын анхны тоосгоны үйлдвэр. Энэ байгууламжийг ч гэсэн музей болгоход болохгүй юм байхгүй. Энэ тоосгоны үйлдвэрийн тоосгоор Улаанбаатар хотыг бүтээж байсан юмаа гэж үзүүлэхэд хүүхэд, залуучууд, хойч үед маань ямархуу санагдах билээ.

Улаанбаатар маань Европын хотууд шиг олон зуун жилийн түүхгүй залуухан хот. 1950 иад оноос хойш хөгжиж байгаа шинэ цагийн хот. Европын хэдэн зуун жилийн настай уран барилга, түүх соёлтой зүйрлэшгүй ч гэлээ цагийн жамаар хөгжиж яваа.

Пиззагийн цамхагийг гэхэд жилд хэдэн сая жуулчин үзэж, тэр жижигхэн хотыг аялал жуулчлалаар тэжээж байна. Энэ мэтчилэн Европын түүх дурсгалууд, тэдгээрийн хадгалалт хамгаалалт, аялал жуучлалын эргэлтэд орсон байдлыг  тоочоод баршгүй.

1990-ээд оноос хойш шинэ цагийн Улаанбаатарын дүр төрхийг илтгэх шилэн голдуу барилгуудыг тоочоод баршгүй. Заазуур, сэлэм гээд захаас нь нэрлэж болно. Энэ бол Азийн голдуу орчин цагийн хотуудад хаа сайгүй байж л байдаг шилэн хийц. Хэзээ ч нурааж болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ