Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжилж эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.

Түүнийг одоогоос жил гаруйн өмнө буюу 2018 оны дөрөвдүгээр сард Авлигатай тэмцэх газраас баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид нэг сар саатуулсан юм. Улмаар Ч.Сайханбилэгийг цагдан хорих хугацаа дуусмагц Прокурорын байгууллагаас хугацааг сунгах саналыг шүүхэд хүргүүлсэн ч нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тавьж, батлан даалтад гаргаад байсан юм.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өнгөрсөн аравдугаар сард өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд хилийн хоригийг цуцлах хүсэлт гаргасны дагуу түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, хилийн хориг тавьсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох шийдвэрийг шүүхээс гаргаад байсан юм. Энэ шийдвэрийн дараа Ч.Сайханбилэг эрүүл мэндийн үйлчилгээ авахаар Монгол Улсыг орхин гарсан тухай өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг шүүхээс зөвшөөрсөн хугацаагаа гурван удаа хэтрүүлсэн тул түүнийг мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэж үзэн, Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн тухай эх сурвалж мэдээллээ.

Одоогоор Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийн мөрдөн шалгалтын ажиллагаа дууссан бөгөөд хавтаст хэргийг прокурор хянаж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ