Манай энхийг сахиулагчид "Данкон" тэмцээнд амжилттай оролцлоо
Монгол Улсын энхийг сахиулагчид БНӨСУ-ын нийслэл Жуба хотноо энэ сарын 2-нд болсон “Данкон” маршийн тэмцээнд 28 орны 280 тамирчнаас тасархай түрүүлж бахдам амжилт гаргасан тухай ЗХЖШ-ын хэвлэл мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Тодруулбал, эхний гурван байрыг эрэгтэйчүүдийн төрөлд хамгаалалтын ротын ахлагч М.Сауржан, Н.Бямбацогт, мотобуудлагын ротын дэд ахлагч Б.Ананд нар эзэлжээ. Дөрөвдүгээр байрт Энэтхэг тамирчин орсон ч удаах 5-12 дугаар байрыг дан Монгол Улсын энхийг сахиулагчид эзэлсэн байна. Харин эмэгтэйчүүдийн төрөлд хамгаалалтын ротын дэд ахлагч Э.Ариунзул тэргүүн байрт, цэргийн цагдаагийн ахлагч А.Довчмаа дэд байрт шалгарчээ.
"Ахмад Б.Цээноров дасгалжуулагчтай манай баг тамирчид энэ удаагийн “Данкон” маршийн өнгийг тодорхойлон эх орныхоо, тэр тусмаа монгол цэргүүдийн тэсвэр хатуужил, хурд хүчийг орон орны цэнхэр дуулгатан дайчдад харуулж чадсан" хэмээн ЗХЖШ-ын хэвлэл мэдээллийн төлөөлөгч онцлон тэмдэглэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ