Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг ЧӨЛӨӨЛӨХИЙГ ДЭМЖЛЭЭ
УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын хуралд Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх саналыг хүргүүлж байна. Эдийн засгийг тогтворжуулах, мөнгө угаахтай тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрээгүй тул үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг оруулж байна" гэв.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Энэ хоёр хүнээр туг тахиад өнгөрөх юм шиг байна. Яг үнэндээ Засгийн газрын үүрэг чухал. Холбогдох сайд нар хариуцлага хүлээх ёстой. Олон улсын жишиг ч ийм байдаг. Саарал жагсаалтад орсон тохиолдолд ч хариуцсан сайд нар үүрэг хүлээдэг. Орны хүмүүс нь ямар хүн байна вэ. Дээрдүүлэх гээд дордуулдаг тохиолдол бий шүү.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Банктай холбоотой зүйл байгаа л байх гэхдээ бид төв банкны хуульд өөрчлөлт оруулаад хамтарсан зарчмаар ажилладаг болгосон нь авууштай. Яг хуулиараа өргөдлөө өгөөгүй. Гэтэл УИХ-ын дарга нь хариуцлага алдсан, өргөдлөө надад хэвлэлээр өгсөн гэж болох юм уу. Хуулийн дагуу шийдэх ёстой. Монголбанк буруу байгаа юу байгаа. Арван хэдүүлээ суугаад харанхуй кноп дардаг бол зарчмын хувьд буруу. Банк санхүүгийн байгууллагын улсуудад хариуцлага тооцдог юм байж, саарал жагсаалтад орсон нь Засгийн газрын буруу гэж гарсан. Засгийн газраас өнөөдөр нэг ч хүн алга. Засгийн газарт хариуцлага тооцох уу үгүй юу?
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: УИХ-ын дэргэдэх байгууллага болохоос УИХ-ын даргын дэргэдэх байгууллага биш. Дарга өөрийнхөө бодлоор оруулж ирж байна. Та УИХ-ын даргын хувьд саарал жагсаалтад яагаад орсон, хэн оруулав гээд асуудлыг оруулж ирэхгүй байгаа юм бэ. Болохгүй байгаагаа яаж засъя гэж дүгнэж байгаа юм бэ. Ц.Нямдорж яагаад алдаа дутагдлаа хүлээгээд ажлаа өгөхгүй байгаа юм бэ. Бүгдэд нь нэг цаас байдаг. Тэр хүнийг ярьж чадахгүй, тойрч ярьдаг. Саарал жагсаалтад оруулахгүй байх талаар ажиллаагүй юм бэ. Монголбанкны Ерөнхийлөгч саарал жагсаалтад оруулахгүй байх талаар юу хийсэн, юуг хийж чадаагүйг асуумаар байна.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Монгол Улс 2004 онд ФАТФ-д элссэн. 2017 оны долдугаар сард манай улсыг саарал жагсаалтад орох эрсдэл үүссэнийг мэдэгдэж, даалгавар өгсөн. Үүнийг хэрэгжүүлэх гэж чадах ядахаараа хичээн ажилласан. 2017 онд Монгол Улсын 40 үзүүлэлтийн тал нь хангалтгүй байсан бол 2019 онд техникийн талын үзүүлэлтүүдээ өөд нь татсан гэсэн хариу гарсан.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Анх томилогдсон цагаас нь эхлээд валютын ханшаас эхлээд хариуцлага ярьж эхэлсэн. Хариуцлагын асуудал дээр УИХ-ын даргатай санал нэгдэж байна. Хууль зүйн сайд, Сангийн сайд ямар хариуцлага хүлээх юм.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Монголбанкны Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд сайн ажилласан. УИХ-ын дарга Монголбанкны Ерөнхийлөгчийг солих гэж байгаа бол Н.Баяртсайхантай дүйцэхүйц хэмжээний хүнийг оруулж ирээрэй.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Банкны салбарын эрх зүйн орчинг өөрчилж чадлаа. Би бардамнаж байгаа юм биш. Эдийн засгийн ямар ч салбар ингэж хууль эрхзүйн орчноо өөрчилж чадаагүй юм шүү. Намайг ажлаа авахад гадаад валютын албан нөөц нэг тэрбум орчим доллар байсан энэ өнөөдөр дөрөв дахин нэмэгдсэн. Төв банкны хуримтлагдсан алдагдал 3 их наяд төгрөгт 2016 онд хүрч үйл ажиллагаагаа явуулахад бэрхшээлтэй байсан тул сүүлийн 2 жил алдагдал бууруулах чиглэлээр тууштай ажиллан 1.5 их наядаар буурлаа.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Өмнөх удаад саарал жагсаалтаас гарахад Засгийн газар үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ төв банк ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Үүнээс болоод саарал жагсаалт гэхээр төв банкны үүрэг юм шиг ойлгож эхэлсэн. Цаашдаа мөнгө угаах, терроризмын эсрэг үйл ажиллагаа явуулна гэвэл тогтолцооны хувьд ажиллах ёстой.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Хоёр дахь удаагаа бид саарал жагсаалтад орж байна. Юунаас болов, юу болоод өнгөрсөн бэ гэдгийг ажлын хэсэг байгуулаад судлах хэрэгтэй. Энэ Монгол Улсын ирээдүйн хувь заяанд хэрэгтэй. Би хариуцлагаа хүлээнэ, зугтаж алга болохгүй. Би ярих ёстой зүйлийнхээ аравхан хувийг ярьж байна. Улс төр, гадаад харилцаа, хөрөнгө оруулагчдад хандаж байгаа харилцаа гээд олон зүйл байна. Энэ бол ганц байгууллагын асуудал биш, тогтолцооны асуудал.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: УИХ-ын дарга хууль бусаар огцруулдаг байдлаа зогсоох хэрэгтэй. Хариуцлага тооцох нь зөв. Гэхдээ хуулийн дагуу, ялгаваргүй асуудлыг шийдэх ёстой. Асуудалд ингэж хандаж болохгүй. Саарал жагсаалтаа яръя. Нэг зүйл ярихаар өөр юм яриад замхаруулдгаа болих хэрэгтэй. Энэ маягаар явбал бид юун саарал, хар жагсаалтад орно. Хууль бус санал хураалтад би оролцохгүй.
УИХ-ын гишүүн Н.Баттөмөр: Саарал жагсаалтад орсон шалтгааныг хаалттай ярилцъя гэсэн ярихгүй байна. Монголын төр зүтгэсэндээ халтай гэж үнэн үг юм байна. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэж ууцыг нь хугалж байна. Монголбанкнаас болоод саарал жагсаалтад орсон юм бол УИХ-ын гишүүд бүгд хариуцлага хүлээх ёстой. Мөнгөний бодлогыг нь бид баталж өгсөн шүү дээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Би ч бас ярих зүйлийнхээ тавхан хувийг ярьж байна. ФАТФ чинь бүгдийг харж байдаг юм билээ. Шинэчлэлт өөрчлөлт шаардлагатай. Би харин ч тогтвортой ажиллуулах нь зүйтэй гэж үзэж байсан. Харин одоогийн нөхцөл хариуцлага хүлээлгэх шаардлага бий болгож байна, хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.
Санал хураах төхөөрөмж ажиллахгүй байгаа тул гар өргөн саналыг хурааж байна. Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн тул Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ