Ж.БАТЗАНДАН: 2020 ОНЫ ТӨСВӨӨС ТЭВЧИЖ БОЛОХ ЗАРДЛУУДЫГ БИД ГАРГАСАН

Шинэ намын УИХ дахь Зөвлөл өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, хэлэлцсэн асуудлаараа хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.  УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан хэлэхдээ:
 
Өнөөдрийн хурлаар Төсвийн тухай хуулийн төсөл болон Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Мөн энэ долоо хоногт хэлэлцэх Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх асуудлаар байр сууриа нэгтгэлээ.
 
2020 оны Төсвийн тухай хуулийн төслөөс хэт өндөр өртөгтэй төсөл, хөтөлбөрүүдийн жагсаалтыг бид түүвэрлэж гаргасан. Зарим барилгын төсөв ижил хэжээний бусад ажилтай харьцуулахад 3-5 дахин өндөр өртөгтэй байна. Монгол Улс саарал жагсаалтанд орчихсон, багш, эмч нарын цалин, өндөр настны тэтгэврийг нэмж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх шаардлагатай байгаа энэ үед ийм шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг хасах нь зүйтэй гэдэг саналыг оруулж байна.
 
Тухайлбал,  гаалийн шинэчлэл нэрийн дор нийт 70 гаруй тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр оруулж ирсэн байна. Энэ зардлыг бид 2020 онд тэвчиж болох зардал гэж үзэж байгаа юм. Зарим аймагт 100 ортой эмнэлгийг 17 тэрбумаар барина гэж оруулж ирсэн байна. Ийм хэмжээний эмнэлэг бусад аймагт дунджаар 5 тэрбумаар баригддаг.
 
Энэ жилийн төсөвт энд тэнд олон зам барихаар суулгасан байна. 2020 оны улсын төсөв хоёр их наядын алдагдалтай байхад олон жижиг зам барихыг тэвчиж болно гэж үзэж байна. Түүнчлэн музей, номын сан, театрууд барихаар тусгажээ. Эдгээрийн төсөвт өртөг нь хэт өндөр байна. Тухайлбал, ДБЭТ-ын театрыг 54 тэрбумаар барихаар суулгасан байна. Энэ бол 54 цэцэрлэг барих мөнгө. Байгалийн түүхийн музейн барилгыг 94 тэрбумаар, Төв номын сангийн барилгыг 52 тэрбумаар, Үндэсний урлагийн их театрыг 102 тэрбумаар барихаар тус тус төсөвт суулгасан байна. Эдгээр барилгад нийт 200-гаад тэрбумыг зарцуулахаар харагдаж байна. Эдийн засаг хүндрэлтэй энэ цаг үед эдгээр барилгын өртөг хэт өндөр байгааг буруушааж байна. Төсвийн хөрөнгөөр хийгдэх хөрөнгө оруулалтын өртөг бодитой байх ёстой гэдгийг онцлон хэлье гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ