Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: Дипломат паспорттой бол дархан эрх ямбатай гэсэн үг биш

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Кореан эйр  компаний онгоцоор зорчих үеэрээ үйлчлэгч бүсгүйн биед халдсан байж болзошгүй үйлдлийн тухай мэдээлэл цацагдлаа. Солонгосын Гадаад харилцааны яам  Д.Одбаяр даргыг дипломат бүрэн эрхгүй тул шалгах шаардлагатай гэж үзсэнийг Солонгосын гол мэдээллийн сувгууд дамжуулаад байна. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигээс тодрууллаа.

Дипломат паспортыг ямар түвшний хүмүүст олгодог вэ?

Монгол Улсын Дипломат болон албан паспорт олгох журам байгаа. Энэ журам Засгийн газрын 2018 оны 260 дугаар тогтоолоор шинэчлэгдээд 2018.11.01-ээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Энэ журамд заасан төрийн өндөр албан тушаалтанд дипломат пасторт олгодог.

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр дипломат паспорт ашиглах эрхтэй юу?

Засгийн газрын журамд заасан дипломат пасторт ашиглах эрхтэй төрийн өндөр албан тушаалын ангилалд багтдаг.

Солонгосын тал Д.Одбаяр даргыг дипломат эрх эдлэх эрхгүй хүн гэж үзсэн байгаа. Энэ ямар учиртай юм бол?

Дипломат паспорттой бол дархан эрх ямбатай гэсэн үг биш. Хязгаардлагдмал, ялгаатай ойлголт. Дипломат дархан эрх нь албан ёсны айлчлал, төрийн томоохон арга хэмжээ зэрэг Дипломат харилцааны тухай Венийн конвенцэд заасан эрхүүдийн хүрээнд хангагддаг.

Д.Одбаяр зурган илэрцүүд


Дахин сануулахад Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Солонгосын Инчон онгоцны буудалд цагдаагийханд саатуулагдсан ч суллагдахад нь нөлөөлсөн хүчин зүйл нь дипломат паспорт байв.

Юутай ч ГХЯ-ны Консулын газрын захиралын яриагаар бол дипломат паспорт буюу бидний ярьж заншсанаар хөх өнгийн паспорттой л бол дархан эрхтэй гэсэн гэсэн ойлголт биш юм байна.

1961 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр баталж, 1964 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон Дипломат харилцааны тухай Венийн конвенцээр бол дипломат эрх ямба, дархан эрх эдлэх хүрээ хязгаар гэж байна.

Үндсэн хуулийн цэцийн дарга бол Төрийн өндөр тушаалын 3 дугаар зэрэгт байдагт тусгай албан тушаалтан.

        Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын дараа 3 дугаарт эрэмбэлэгддэг, УИХ-ын дэд даргатай адил, дүйцэхүйц төрийн өндөр албан тушаал. Тиймээс Д.Одбаяр дарга болон түүний эхнэр хүртэл дипломат паспорт өвөртөлж явах эрхтэй ч  Венийн конвенцэд зааснаар хэмжээ хязгаартай ажээ.

Тэрбээр Индонези Улсад болсон Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралд оролцохоор БНСУ-аар дамжин зорчиж явсан гэдгийг нэрээ нууцалсан Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн.

Уг мэдэгдэлд   нислэгийн үеэр Үндсэн хуулийн цэцийн даргын арын эгнээнд сууж явсан  нэгэн Монгол иргэний гаргасан байж болзошгүй үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад хамаатуулах гэж оролдсон байна  гэжээ.

Хэрвээ хэргийг хуулийн байгууллага шалгаж нотлоод Д.Одбаяр даргыг буруутай гэж үзвэл арын эгнээнд сууж явсан зорчигч гүтгүүлсэн хэмээж нэр төрөө хамгаалах нь ёс зүйд нийцэх юм.

Дэлхийд үйлчилгээгээрээ толгой цохьдог “Кореан эйр”  компаний онгоцны вип танхимыг камержүүлээгүй байна гэж байхгүй. Тиймээс хэвлэлийн төлөөлөгчийн гоомой мэдэгдэл бас өөр нэгэн зорчигчийн нэр төрд халдсан хэрэг болохыг ч үгүйсгэхгүй.

Юутай ч Венийн конвенцоор шууд зохицуулаагүй асуудлыг олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр  зохицуулдаг юм байна.

“Үндсэн хуулийн дээр хөх тэнгэрээс өөр юу ч байхгүй” гэж нэрт хуульч Бираагийн Чимэд хэлсэн байдаг. Тэгвэл манай Үндсэн хуулийн цэцийн даргын дээр  Венийн конвенц байгаад нэмэр болох болов уу.

Н.Саруул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ