БНСУ-ын ГХЯ ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг дипломат бүрэн эрхгүй гэжээ



Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Korean air компанийн онгоцоор зорчих үеэрээ онгоцны үйлчлэгчийн биед хүрч, зүй бус үйлдэл гаргасан гэх мэдээлэл гарсан билээ 

БНСУ-ын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг мэдээлэл гарсан даруйд "ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр буруугүй, хамт зорчиж явсан А хэмээх иргэнийг өмөөрсөн үйлдлийг өөрт нь хамаатуулсан" гэх агуулга бүхий мэдэгдлийг ҮХЦ-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн. Гэвч БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд арай өөр байр суурь илэрхийлж байна. Өчигдөр орой /2019-11-01/ БНСУ-ын KBS TV-ийн мэдээллийн хөтөлбөрөөр "БНСУ-ын Гадаад харилцааны яам ҮХЦ-ийн дарга Дипломат бүрэн эрхгүй тул дахин шалгах шаардлагатай" гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Уг мэдээлэлд

"Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон түүний дагалдан яваа хүмүүсийг байцаахаар онгоцноос буунгуут нь БНСУ-ын цагдаа нар очсон боловч Д.Одбаяр даргын халдашгүй эрхтэй гэсэн үгэнд итгээд суллаж явуулжээ. Харин БНСУ-ын Гадаад харилцааны яамнаас энэ хүмүүст халдашгүй эрх байхгүй болохыг тогтоожээ. 

Тухайн үед БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-аас эдгээр хүмүүс дипломат паспорттой учир халдашгүй эрхтэй хэмээн хатуу шаардсан. Тиймээс цагдаагийн ажилтнууд тэднийг суллаж, хэргийг шалгая гээд явуулжээ. Харин дээрх хүмүүс дипломат паспорттой боловч дипломат бүрэн эрхэнд хамаарах хүмүүс биш байжээ. Иймд цагдаагийн ажилтнууд ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг дахин байцаахаар төлөвлөж байна” гэжээ.

Мөн "Болсон явдлыг тодруулбал тухайн өдрийн оройн 20:50 цагт Улаанбаатар-Инчеон чиглэлд ниссэн Кореан Эйр компанийн онгоцон дотор хорь гаруй настай эмэгтэй үйлчлэгч бэлгийн дарамтад өртсөн. Бэлгийн дарамт учруулсан хүмүүс нь Монгол Улсын өндөр албан тушаалтан болох Д.Одбаяр, түүнийг дагалдаж явсан А гэх хүмүүс бөгөөд онгоцонд архи ууж, эмэгтэй үйлчлэгчийн өгзгөнд хүрч, тэврэх гэж оролдсон хэрэг болсон. Үйлчлэгч гомдол гаргасан учраас онгоцны буудалд тэднийг цагдаад хүлээлгэн өгсөн юм" гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ