АТГ Э.Оюунболдын хүсэлтээр шалгалт явуулж байна

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын түрүү бөх, аварга Э.Оюунболдоос допингийн шинжилгээ авахад допингийн төрлийн бодис илэрснээр цолыг нь хурааж, хоёр жил барилдах эрхийг нь хасахад хүрээд байгаа. Мөн Үндэсний их баяр наадмын шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг журамтай. Уг шинжилгээгээр аварга Э.Оюунболдоос гадна, Улсын начин Д.Цэрэнтогтох нараас допинг илэрсэн юм

Үндэсний бөхийн салбар хорооноос мэдэгдсэн дээрх мэдээллийг допингд холбогдсон дээрх хоёр бөх эсэргүүцэн шүүхэд гомдол гаргасан ч шүүх гомдлыг нь хүлээж аваагүй юм.
Гэвч допингд холбогдсон бөхчүүд бууж өгсөнгүй. Энэ удаад АТГ-т “бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог” гэж гомдол гаргажээ. Гомдолтой холбоотойгоор АТГ нь Допингийн эсрэг үндэсний төв болон Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороог шалгаад эхэлжээ.

Энэ талаар Допингийн эсрэг үндэсний төвийн мэргэжилтнээс тодруулахад “Э.Оюунболдын гомдлоор АТГ-аас манайд шалгалт явуулж, материал цуглуулсан. Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог гэх гомдлын дагуух шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа” гэсэн юм.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо шинжилгээгээр допингийн төрлийн бодис илэрсэн бөхчүүд буюу аварга Э.Оюунболд, улсын начин Д.Цэрэнтогтох нартай холбоотой асуудлаар өчигдөр /2019.10.24/ хуралдаж, хоёр бөхийн даваа бүрийг нь хүчингүйд тооцож, барилдах эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан билээ. Энэ шийдвэрийг Ерөнхийлөгчид өргөн барьснаар эцсийн шийдвэр гарах юм.

Сануулахад, Үндэсний их баяр наадмын шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг журамтай. Уг шинжилгээгээр аварга Э.Оюунболдоос гадна, Улсын начин Д.Цэрэнтогтох нараас допинг илэрсэн юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ