Тамирчид анхны медалиа хүртлээ

Дэлхийн армийн спортын хамгийн том үйл явдал болох 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг Армийн спортын VII наадам БНХАУ-ын Хөх мөрний эрэг дэх Ухань хотноо болж байгаа билээ. Дэлхийн 140 гаруй улсын армийн шилдгүүд өрсөлддөг уг тэмцээнд Монгол Улсаас оролцож буй баг тамирчид эхний өдөр 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар сонор мялаалаа.

Эрэгтэйчүүдийн  60 кг-ын жинд өрсөлдсөн Э.Ариунболд БНАСАУ, Бразил, Тунисын бөхчүүдийг буулган авснаар хагас шигшээд БНСУ-ын Ким Вон-Жинтай барилдсан. Тэрбээр эл  барилдаанд ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын тамирчныг ялж хүрэл медалийн эзэн болжээ.

Харин 66 кг-ын жинд өрсөлдсөн Б.Эрхэмбаярын хувьд  эхний 2 өрсөлдөгчөө төвөггүй буулган авсан ч Узбекстаны бөхөд хожигдож торгуулийн барилдаан хийсэн. Гэхдээ хариуцлагатай энэ барилдаанд Б.Эрхэмбаяр 3 барилдаан хийсэн бөгөөд өрсөлдөгчдөө цэвэр ялснаар хүрэл медаль хүртсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ