Хотын дарга С.Амарсайхан Налайхын замын ажилтай танилцав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр (2019.10.04)Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллалаа. Уг авто замыг хоёр урсгалтай дөрвөн эгнээ өргөнтэй, явган хүний болон дугуйн замтай болгон шинэчилж байна. Өнөөдрийн байдлаар нийт замын ерөнхий гүйцэтгэл 80 хувьтай далан, хоолой, тунелийн ажил бүрэн хийгдэж дууссан.
Одоогийн байдлаар замын хучилтын ажил 60 хувьтай хийгдэж байна. Мөн Хөлийн голын төмөрбетон гүүрийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Замын чанар стандартын горим алдагдуулахгүй, аюулгүй байдлыг бүрэн хангаж төлөвлөсөн хугацаанд багтааж ашиглалтад оруулах ёстой” гэдгийг холбогдох албаныханд хэллээ.
Авто замын барилгын ажлыг хоёр ээлжээр 24 цагаар зохион байгуулж, тоног төхөөрөмж, машин механизм, хүн хүчийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллаж байгаа талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ. Хотын Захирагч С.Амарсайхан шаардлагатай болон нэн түрүүнд шийдвэрлэгдэх асуудал байгаа талаар лавлахад гүйцэтгэгч компаниудын зүгээс зам засварын ажил хэвийн явагдаж байгаа гэлээ.
Налайхын замын 20.9 км авто замын үндсэн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-ны өдөрт багтаан нээхээр төлөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ