Э.Билэгсайхан групптээ дэд байранд шалгарлаа
Тайландын Паттаяа хотноо болж буй хүндийн өргөлтийн 2019 оны ДАШТ энэ өдрүүдэд үргэлжилж байна. Тэмцээний эмэгтэй 87 кг-н жинд өрсөлдөж буй Азийн АШТ-ий мөнгөн медальт, Залуучуудын дэлхийн аваргын алтан медальт Эрдэнэбатын Билэгсайхан өчигдөр /2019.04.24/ С групптээ дэд байранд орох амжилтыг үзүүлсэн байна.
Огцом өргөлтөөр 95 кг, түлхэлттэй өргөлтөөр 115 кг, нийт 210 кг-г өргөсөн нь С групптээ дэд байранд орох амжилт байлаа. Тэрбээр огцом өргөлтөөр захиалгын дагуу 90, 93, 95 кг-г амжилттай өргөсөн. Түлхэлттэй өргөлтөөр 111 кг-г эхлээд өргөсөн бол дараагийн өргөлтөөр 115 кг-г захиалан амжилттай өргөсөн. Харин 3 дахь оролдлогоороо 118 кг-г захиалсан боловч амжилтгүй болсон. Ингээд нийлбэр 210 кг-г өргөснөөр дэлхийн аваргаа өндөрлүүлээд байна.
Өнөөдөр тус жингийн С группын өрсөлдөөн явагдах бол маргааш А группын өрсөлдөөн болсноор медалийн эзэд тодорно. Эмэгтэй 87 кг-н жинд 2018 оны дэлхийн аваргын 76 кг-н алт, ААШТ-ий аварга Хятадын Ван Жоу Юй, 2017 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Чилийн Мариа Вальдес, дэлхийн аваргын мөнгө, хүрэл, Азийн наадмын аварга БНАСАУ-ын Ким Ун-Жу нарын шилдгүүд өрсөлдөж байна.
Мөн өнөөдөр дэлхийн аваргын хүрэл медальт М.Анхцэцэг 81 кг-н жингийн В группт өрсөлдөнө. Эмэгтэй 81 кг-н жингийн медалийн эзэд өнөөдөр тодорно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ