Олимпийн наадмын хоёр эрх авлаа

Казахстан улсын нийслэл Нур-Султан хотноо бөхийн төрлүүдийн 2019 оны ДАШТ өнгөрсөн долоо хоногийн турш болж өндөрлөлөө. Энэ жилийн ДАШТ нь ирэх онд Япон улсын нийслэл Токио хотноо болох Зуны олимпийн XXXII наадмын өмнөх томоохон сорилго байсан бөгөөд олимпийн жин тус бүрийн эхний зургаан тамирчин олимпийн эрхээ шууд авах хариуцлагатай тэмцээн байв.

“Нур-Султан-2019” ДАШТ-д манай улсаас чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, ОУХМ н.Батзориг нарын удирдлага дор чөлөөт бөхийн төрөлд 20, сонгомол бөхийн төрөлд хоёр тамирчин оролцсон. Энэ даагийн ДАШТ-д сонгомол бөхийн төрөлд манай улсаас анх удаагаа оролцсон нь онцлог байлаа.

ДАШТ-д оролцсон манай шигшээ багаас эмэгтэй баг тамирчид медаль хүртсэн. Эмэгтэй 55 кг-ын жинд “Женко” клубын бөх Б.Болортуяа, 59 кг-ын жинд “Хасу мегастарс” багийн тамирчин, 2018 оны дэлхийн аваргын хүрэл медальт Б.Шоовдор, 68 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг нар хүрэл медаль хүртсэн юм.

Гавъяат тамирчин С.Батцэцэг хүрэл медаль хүртсэнээр ДАШТ-ий иж бүрэн медальтай болж, Токиогийн олимпийн эрхээ авлаа. Түүнтэй хамт эрэгтэйчүүдээс “Хүч” спорт хорооны тамирчин Т.Тулга шагналт 5-р байранд шалгарснаар Токиогийн олимпийн эрх авсан. Харин эмэгтэй 59 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Б.Шоовдор, 55 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Б.Болортуяа нар олимпийн бус жинд барилдаж, медаль хүртсэн билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ