Б.Болортуяа хүрэл медаль хүртлээ
Үндэсний шигшээ баг, “Женко” клубын тамирчин, ОУХМ Бат-Очирын Болортуяа дэлхийн дэвжээнд анх удаа зодоглож, өчигдөр /2019.09.18/ хүрэл медалиар энгэрээ мялаалаа.
“Нур-Султан-2019” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд хүч сорьж буй тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Туркийн бөх Бедиха Гунтэй барилдаж, 12:9-өөр ялснаар дэлхийн дэвжээнээс Монголын чөлөөт бөхийн тамирчдаас 33 дахь хүрэл медалийг эх орондоо авчирлаа.
Түүний анхны багш ОУХМ Сүхбаатарын Мөнхсүх, “Стамбул-2011” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Банзрагчийн Оюунсүрэн, тэдний багш гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар нар юм. Т.Сүхбаатар багшийнх нь хувьд шавь нь дэлхийн дэвжээнээс медаль хүртэхэд баярласан сэтгэлээ илэрхийлж өөрийнхөө "брэнд" бүжгээ бүжиглэж, үзэгч олныг хөгжөөгөөд авсан байна.
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Казахстаны Нур-Султан хотод үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас үндэсний шингээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, ОУХМ Батзориг нарын удирдлагад 20 бөх зодоглож байгаа юм. Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн хүрэл, “Монголиа Опен” ОУТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальтай тэрбээр ДАШТ-д анх удаа зодоглож, амжилт гаргаад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ