Какүрюү М.Ананд унаж, Такакейшо тэргүүлж эхлэв

Японы Токио хотод мэргэжлийн сүмо бөхийн намрын тэмцээн буюу Аки башё болж байна. Тэмцээний тав дахь өдөр буюу өчигдрийн барилдаанд их аварга Какүрюү М.Ананд Асаноямад ялагдаж, дөрвөн даваа, нэг унаатай боллоо. Какүрюүгийн хувьд өчигдрөөс эхлэн тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд шилжлээ.

Аки башёг сэкивакэ Такакейшо, Окиноүми нар таван даваатай тэргүүлж эхэллээ. Том цолтой бөчүүдээс озэки/арслан/ Гоэйдо дөрвөн даваатай болсон бол озэки Точиношин таван барилдаанаас хоёр даваа аваад байна.

Дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил, Азүмарюү С.Тодбилэг нар гурван даваа, хоёр унаатай болсон бол Ичиножёо А.Ичинноров баруун мөрөндөө бэртэл авснаар тэмцээнийг орхисон.

Өнөөдрийн барилдаанд озэки Точиношин Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдах бол их аварга Какүрюү М.Ананд нэг даваатай яваа Дайешохотой барилдахаар оноолт таарсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ