Э.Оюунболдтой холбоотой маргааныг өнөөдөр эцэслэнэ
Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд ес даван түрүүлсэн Э.Оюунболдоос допингийн төрлийн бодис илэрсэн гэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байсаар байна. Энэ асуудлаар түүний цолыг хураах эсэх асуудал яригдаж эхлээд буй. Наадамд түрүүлсэн бөхөөс хориотой дөрвөн төрлийн бодис илэрсэн талаарх ноцтой мэдээллийг Үндэсний бөхийн салбар хороо зарласан.
Харин аварга Э.Оюунболд допинг хэрэглээгүй хэмээн тайлбар хийсэн ч Б сорьцоо шинжлүүлээгүй байдаг. Иймд түүний цолыг хураах асуудал Төрийн ордны хэмжээнд яригдаж эхэлсэн юм.
Гэтэл Э.Оюунболд гүтгэсэн хэмээн мэдэгдэл хийж улмаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Үндэсний бөхийн салбар хорооны эсрэг нэхэмжлэл гаргасан билээ.
Ингэхдээ Э.Оюунболд нэхэмжлэлдээ допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан Үндэсний бөхийн салбар хороог үгүйсгэж, Улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх маргаан бүхий захиргааны актын биелэлтийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ.
Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд нэхэмжлэлтэй уг гомдлыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх долоо хоногийн дотор хэрхэхээ шийдвэрлэх учиртай. Харин Э.Оюунболд нэхэмжлэлээ өнгөрсөн долоо хоногийн энэ өдөр Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан аж. Иймд өнөөдөр хэрэг үүсэх эсэх нь Захиргааны хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 55.1-т зааснаар тодорхой болох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ