Нам байгуулах босгыг тухайн жилийн сонгуулийн насны хүн амын нэг хувь гэж тогтоов

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн (2019.09.05) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр хойшлуулсан заалтуудыг хэлэлцэв. Саналын томьёоллын санал хураалтыг үргэлжлүүллээ.

"Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна.” гэсэн хэсэг нэмэх асуудалд гишүүд дэмжсэн, дэмжээгүй байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд уг заалт шинэ нам, эвсэл байгуулах, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх боломжийг зөрчсөн тул дэмжихгүй байгаагаа онцолсон. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Д.Дамба-Очир нар нам байгуулах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоохдоо тухайн жилийн сонгуулийн насны тоогоор нэг хувь хүртэл гэж өөрчлөх саналаа дурдаад, 800 хүний гарын үсгээр улс төрийн нам байгуулж ирсэн нь намуудын өнөөгийн хариуцлагагүй байдлыг үүсгэсэн гэжээ. Ингээд Ажлын хэсгийн дээрх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.8 хувь нь дэмжив.

Иймд ХҮН-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийн, дээрх шийдвэрийг эсэргүүцсэн юм. Тэд "20 мянган хүн нэгдэж нам байгуулах ёстой гэж Үндсэн хуульд заахаар УИХ шийдлээ. Гэтэл дэлхий нийт улс төрийн намын хатуу гишүүнчлэлийг халж байгаа. МАН 70 жил намын хатуу гишүүнчлэлийг хэрэгжүүлсэн. МАН, АН өнгөрсөн 20 жилд гишүүдийн тоогоор өрсөлдлөө. Уг нь намууд бодлогоор өрсөлдөх ёстой шүү дээ. Иргэдэд намын гишүүнээр элсэхийг тулгаж болохгүй. Ардчилсан тогтолцоонд энэ заалт хортой нөлөө үзүүлэх тул ХҮН эсэргүүцэж байна" гэсэн юм.   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ