Ц.Нямдорж: Үндсэн хуулинд долоон өөрчлөлт хийгээгүй бол аль хэдийн дарангуйлал тогтох магадлалтай байсан

УИХ-ын гишүүн, Хуул зүйн сайд Ц.Нямдорж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Шүүгчдийг бүх насаар нь томилдог томилгооны систем чинь өнөөдөр асуудал болчихоод байгаа. Мөн бүх шүүгчийг Ерөнхийлөгч томилдог томилгооны асуудал байдаг. Үүнийг би буруу гэж үздэг. Энэ хоёр асуудлыг шийдэж чадахгүй бол хэцүү. Гэхдээ шүүхийн толгойд сууж байгаа хүмүүс шүүхээ зөв аваад явчих юм бол одоо оруулах гэж байгаа өөрчлөлтийг дэмжээд явчих бололцоо бий. Шүүхийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглаж болохгүй гэж хатуу хэлдэг хүн би. Шүүхийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглахаар юу болдгийг найман жилийн хичээлээр үзлээ шүү дээ.

Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах маш хэцүү гэдгийг өнөөдөр ард түмэн ч тэр, эд нар ч тэр мэдэрсэн байх. Цаашид Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахаар бол олон асуудлаар биш яг нэг асуудлыг барьж авч ярихгүй бол бүх бүлэг заалтыг хөндсөн хэлэлцүүлэг явахгүй юм байна гэсэн бодол төрж байна.

Үндсэн хуулинд энэ УИХ чадан ядан өөрчлөлт  оруулж магадгүй. Ойрын 10 жилд Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах улс төрийн болон парламентийн бүрэлдэхүүн, нөхцөл байдал бараг л үүсэхгүй байх даа. Магадгүй 20 жилийн дараа байж магадгүй. Энэ бол их төвөгтэй асуудал.

Үндсэн хуулийн асуудлыг нэг намын бүлэг хүчээр хийдэг ажил биш. Энэ ажилд УИХ-д суудалтай АН-ын оролцоо гарцаагүй хэрэгтэй. Ерөнхийлөгчтэй ойлголцох явдал гарцаагүй. Энэ замаар явж асуудлыг шийднэ шүү гэдгийг би бүх хүнд хэлсэн. Чадан ядан зүтгэж байгаа ажил амьдралд саад болоод байгаа заалтуудаа засаад аваа гэж. Зөвшилцлийн замаар Үндсэн хуулийг батлахгүй бол хэл ам тасрахгүй шүү дээ. 2000 оны долоон өөрчлөлт бол парламентийн хямралыг холдуулах, нэг хүний дарангуйлал тогтохоос сэргийлсэн алхам байсан. Тухайн үеийн гишүүд ямар аюул харагдаж байгааг мэдэрч, үүрч үзчихээд хийсэн өөрчлөлт шүү. Тэр долоон өөрчлөлтийг хийсэн тулдаа өнөөдөр болсон болоогүй дарангуйлын биш замаар УИХ дээр асуудлаа яриад яваад байгаа санаатай юм. Тэр долоон өөрчлөлт хийгээгүй бол аль хэдийн дарангуйлал тогтчихсон байх байсан байж магадгүй юм.” гэлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ