С.Бямбацогт: Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүдээ томилж байж УИХ-аас хараат бусаар ажиллаж чадна

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар хойшлуулснаас бусад зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж дууслаа. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, хойшлуулсан 10 гаруй багц асуудлыг хэлэлцэхийн өмнө МАН-ын бүлгийн хурлаар нэгдсэн ойлголтод хүрэх шаардлагатай байгааг хэлээд, үдээс хойших хуралдаан хүртэл завсарлага авах горимын санал гаргасныг гишүүд дэмжлээ. Ийнхүү УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан завсарлаж, үдийн 15.00 цагт үргэлжлэн хуралдахаар боллоо.

МАН-ын бүлгийн хурал эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхий сайд нь танхимаа өөрөө бүрдүүлэх заалтын талаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Бид гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг  хангах гол зорилготой. Үндсэн хуулийн гол агуулга энэ. 1,6 жилийн настай Засгийн газар байгууллагддаг, огцорч байдаг. Засгийн газар огцрох хэрээр төрийн бодлого тогтворгүй. Энэ нь ард иргэдийн амьдралд нөлөөлдөг. Энэ байдлыг засах, яавал Засгийн газар нь бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд эрх мэдлээ хэрэгжүүлдэг байх вэ гэдэгт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол зорилго агуулагдаж байна. Засгийн газрын гишүүнийг, Ерөнхий сайдыг УИХ томилоод байхаар УИХ-аасаа хэт хараат Засгийн газрын гишүүдтэй, үндсэндээ УИХ-ын гишүүдийн харцан дор дальдчиж явдаг саййдуудтай байвал тэр сайд салбарынхаа бодлогыг хэрэгжүүлэхдээ танхимынхаа зарчмаар ажиллаад хэрэгжүүлэх боломж бололцоо нь бүрдэхгүй байгаад байна.

УИХ-аас хараат үйл ажиллагаа явуулдаг, хийх хэцүү, хийхгүй байх хэцүү. Хийх гэхээр нөгөө талаас гишүүд дарамтлаад шахаад бодлогоо зө хэрэгжүүлэх боломж олгодоггүй. Тийм болохоор Ерөнхий сайдаа их хурал томилдог байя. Ерөнхий сайд нь өөрөө Засгийн газрын гишүүдээ томилдог байя. Ингээд Засгийн газрын гишүүд нь Ерөнхий сайдын өмнө хариуцлагаа хүлээгээд УИХ-аас хараат бусаар салбарынхаа бодлогыг зангидаж, мэргэшсэн ажиллаж чаддаг байгаасай гэдэг үүднээс энэ заалтыг оруулж байгаа.

Одоо бүлэг хуралдаж байна. Энэ асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэнэ. Мөн бүлгийн хурлаар шүүхтэй холбоотой асуудал, 99 гишүүний талаар, таван жилээр сонгох асуудал, баялгийн сантай холбоотой асуудлаар нэлээд нухацтай ярих гэж байна.” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ