Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох санал дэмжигдсэнгүй уналаа

УИХ-ын ээлжит бус чуулганаар төслийн гуравдугаар зүйлийн дөрөв дэх заалт буюу гучдугаар зүйлийн хоёрдох хэсгийг “Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг УИХ-ын гишүүд  болон аймаг, нийслэлийн ИТХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хурлаас сонгоно, Ерөнхийлөгчийн сонгуулийн журмыг хуулиар тогтооно гэж өөрчлөх санал гаргасан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын саналын томьёоллыг хэлэлцлээ. Уг саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээгүй.

Гишүүд дээрх зарчмын зөрүүтэй саналын дагуу үг хэлж дууссаны дараа санал хураалт явуулахад гишүүд дэмжсэнгүй.

Үргэлжлүүлэн гучингуравдугаар зүйлийн дөрөв дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулах,

“4 Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэсэн УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төслийн заалтыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Гишүүдээс өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл, Ерөнхийлөгчийн төсөл, санал АН-аас 30 гаруй санал өгсөн. Үүний дундаас хоёр нь өргөн баригдаагүй заалт байсан учраас хүлээж авах боломжгүй. Бусад ирүүлсэн заалтуудыг нь хэлэлцээд ихэнх заалтууд нь хуулийн төслийн хэлэлцүүлэгт орсон байгаа. Өөрөөр хэлбэл холбогдох санал бүр дээр тусгагдсан. Ерөнхийлөгчтэй холбоотой гурван заалт орсон. Засгийн газрыг эмхлэн байгуулахтай холбоотой заалтуудыг хэлэлцэхээс түр хойшлуулсан. Үндсэн хуулийн цэц дээр мэдээлэл өгөхөд үндсэн хуулийн долоон өөрчлөлтийн бүгдэд нь хэрэг үүсгэчихсэн байгаа юм билээ. Бид нэгийг нь үлдээсэн. Энэ нь УИХ дахь намын бүлгүүдээс дэд даргатай байна гэсэн заалт аль ч улсын парламентад байдаг учраас үүнийг хэвээр нь үлдээж бусад зургаан заалтуудыг өөрчилж оруулсан. Бүх заалтууд судалгаатай” гэдгийг тодотголоо.

Уг заалтыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон нийт 66 гишүүний 57 нь дэмжиж  86.4 хувиар санал дэмжигдлээ.

Дараа нь төслийн гуравдугаар зүйлийн зургаа дахь заалт буюу 39 дүгээр зүйлийн хоёрдох хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулах

“2 УИХ-д олонх болсон нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг, бусад тохиолдолд УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхыг бүрдүүлсэн нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид тав хоногийн дотор УИХ-д оруулна гэсэн төслийн заалтыг хэлэлцэн дэмжлээ. Энэ үеэр гишүүд хэлсэн үгэндээ ажлын хэсэг, Төрийн байгуулалтын байнгын хороо дахин нарийвчлан томьёолж, хуульзүйн үр дагаврыг нь тооцоолж найруулаарай гэдгийг захив.

Үргэлжлүүлэн төслийн гуравдугаар зүйлийн зургаа дахь заалт буюу 39 дүгээр зүйлийн гурав дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулах

“Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ” гэсэн төслийн заалтаар санал хураахад гишүүдийн 86.4 хувиар дэмжлээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ