Д.Хаянхярваа: Төрийн албыг улс төрөөс хараат бус болгохыг Үндсэн хуулиар баталгаажуулах ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна.

Үндсэн хуулийн энэ өөрчлөлтөөр төрийн албыг баталгаажуулж, улс төрөөс хараат бус болгох ёстой гэж УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа байр сууриа илэрхийллээ.

    УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Төрийн албан олон нийт сэтгэл дундуур байгааг зарим хүн хуульдаа биш хүндээ байна гэдэг. Би бол хуульдаа ч биш, хүндээ ч биш намд байна гэж хэлмээр байна. Сонгуулиар гарч ирсэн нам төрийн албыг бужигнуулдаг. Яам, тамгын газрын нэрийг өөрчилж, бүтцийн өөрчлөлт нэрийн дор төрийн албан хаагчдыг халдаг сольдог нь хэрээс хэтэрсэн. Одоо төрийн албан хаагчдын төрд итгэх итгэл алдарсан, өөрсдийнх нь ажил төрөлдөө идэвх зүтгэлтэй байх сэтгэлийн гал нь унтарсан. Яавал би энэ ажил дээрээ хэдэн төгрөгийн цалинтай, хоногийн хоолтой байх вэ гэсэн сэтгэлгээгээр ханддаг болсон. Энэ нь тэр хүмүүсийн буруу биш улс төрийн намууд, улстөрчдийн буруу үйл ажиллагаанаас төрийн чадавхийг сулруулж байна.

    Сүүлийн сонгуулиудын дараа төрийн албаны халаа сэлгээ юу болж байгааг та нар хар. Бид нар өнөөдөр ч гэсэн халаа сэлгээг үргэлжлүүлж байна. Энэ бүхнийг цэгцлэх гэж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төрийн албыг баталгаажуулах хэрэгтэй байна. Сайн засаглалтай, чанга төртэй улс орнуудын төрийн алба доод албан тушаалаас эхлэн дэвшдэг мерит системээр явж байгаа. Ингэж байж хүн төгс төгөлдөр, мэргэшсэн албан хаагч болдог.

    Гадаадад хоёр дээд сургууль төгсөөд ирсэн гээд энэ ажлыг хийдэггүй. Аливаа ажилд мэргэших гэдэг бол дадлагажих, туршлагажих цаг хугацааны асуудал юм. Төрийн албанд 20-30 жил ажилласан хүний оронд Харвардад сургуульд төгссөн шинэ хүнийг томиллоо гэхэд ажлын ялгаа асар их гарна. Эцсийн дүндээ 30 жил ажилласан хүн л Монголын нийгмийн хөрсөнд буусан, төрийн албыг зөв явуулах дадлага туршлагатай болсон байдаг.

    Тийм учраас төрийн албыг жинхэнэ утгаар нь ажиллуулъя гэвэл төрийн албыг улстөрчдөөс хараат бус байлгахыг Үндсэн хуулиар заавал баталгаажуулж өгөх ёстой. Тэгж байж төрийн албаныхан сэтгэл амар, өөрийн хүссэнээр Монголд мөрдөгдөж буй хууль дүрмийн хүрээнд ажиллах бололцоог олгоно гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ