Өнөөдөр “ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээн болно
Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU) хамтран Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголд анх удаа зохион байгуулж буй 18 дахь удаагийн “ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээн өнөөдөр /2019.08.25/ 12:00 цагт “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлнэ.
“Робокон” тэмцээн Япон улсаас үүсэлтэй. Анх зөвхөн тухайн орны үндэсний тэмцээн байсан бол хожим Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-гоор дамжин, Ази, номхон далайн бүсийн орнуудын тэмцээн болсон түүхтэй. “ABU Робокон” бол инженер, технологийн чиглэлээр суралцаж буй оюутан, залуусын хичээлийн танхимаар олж авсан мэдлэгийг практик дээр туршдаг хамгийн том тэмцээн. Түүнчлэн оюутнуудад бүтээлч сэтгэхүй, багаар ажиллах, ачаалал даах чадвар, цаг барих зэрэг олон сайн дадал суулгадаг. Мөн багшийн тусламжийг харж, хүлээлгүй өөрсдөө шийдвэр гаргах, оролдох, зохион бүтээх гэх мэт олон чадвар, чадамжаа өсгөнө.
Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-ны гишүүн телевиз. Энэ хүрээнд тус холбооноос зохион байгуулдаг “Робокон” тэмцээнд Монгол Улсын баг 2002 оноос оролцож эхэлсэн. Манай улсын багийн гаргасан хамгийн дээд амжилт нь 2004 онд дэд байр эзэлсэн. Үүнээс гадна Монголын оролцогчид жил бүр ивээн тэтгэгч байгууллагын цом, шагнал авч байлаа.
МҮОНРТ 2002 онд “Робокон” үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг өөрийн оронд зохион байгуулснаас хойш 17 жил өнгөрчээ. Энэ хугацаанд давхардсан тоогоор 6000 гаруй оюутан, залуус “Робокон” тэмцээнээр дамжиж, ажил амьдралын гараагаа эхлүүлжээ. МҮОНРТ “ABU Робокон” олон улсын роботын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг хоёр жилийн өмнө албан ёсоор авсан билээ.
“ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээнд Монгол, Япон, БНХАУ, Казахстан, Энэтхэг, Египет, Индонез, Пакистан, Шри Ланка, Малайз, Непал, Тайланд, Вьетнам, Камбож, Фижи, Хонконг гэсэн 16 орны 17 багийн 300 орчим тамирчин өрсөлдөнө. Монгол Улс зохион байгуулагч орон тул давуу эрхээрээ хоёр баг өрсөлдүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ