Э.Оюунболд Баяр наадмыг зохион байгуулах комисст гомдол гаргажээ
Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав даван шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авахад хоёр бөхөөс допинг илэрсэн гэдэг мэдээллийг Баяр наадмыг зохион байгуулах комиссоос мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд ес давж, Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболд өнгөрсөн бямба гарагт цахим хуудсаар дамжуулан мэдэгдэл хийсэн. Тэрбээр өөрийгөө сэргээш хэрэглээгүй, сорьцын шээс солигдсон гэдэг тайлбар өгсөн юм. Түүнчлэн Э.Оюунболд аварга Баяр наадмыг зохион байгуулах комисст гомдол гаргасан байна. Тус гомдолдоо, "Энхтөгсийн Оюунболд миний бие Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд барилдсан 512 бөхөөс есөн даван түрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын аварга цолыг хүртсэн билээ.
Гэтэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд, цахим орчин, мэдээллийн сайтуудаар намайг Улсын баяр наадамд барилдахдаа хориотой бодисын жагсаалтад орсон эм бэлдмэл, бодис /допинг/ хэрэглэж, шударга бусаар баяр наадамд түрүүлж, аварга цол авсан гэсэн агуулгатай мэдээллийг олон нийтэд тарааж, миний нэр төр, алдар хүндэд халдсаар байна. Миний бие Монгол түмний уламжлалт соёлын нэг. Үндэсний бөхийн спортоор бага наснаасаа эхлэн хичээллэж, өөрийн бүхий л хүчин чармайлт, бэлтгэл сургуулилалт, хичээл зүтгэлээрээ Монгол бөхийн эрхэм дээд цолыг хүртсэн. Би тамирчин хүний хувьд Монгол бөхийн дэвжээг шударга өрсөлдөөний талбар байгаасай гэж хүсдэг, допингийн эсрэг хатуу байр суурьтай байдаг хүн.
Харин сүүлийн жилүүдэд Монгол бөхийн спортод допингийн төрлийн бодисын хэрэглээ байгаа, мөн допингийн төрлийн бодис хэрэглэж бөхийн цол хүртэж байгаа асуудлаар маргаан, мэтгэлцээн багагүй өрнөж, Улсын их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд бүр цаашилбал түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдээс допинг илэрсэн боловч Допингийн эсрэг үндэсний төв, Баяр наадмыг зохион байгуулах хорооны эрх мэдэлтнүүд, улс төрийн өндөр албан тушаалтнуудын шууд оролцоотойгоор шинжилгээний хариуг будилаантуулсан талаарх ам дамжсан яриа бөхчүүд, бөх сонирхогч, дэмжигчид, бөхийн хүрээнийхэнд түгээмэл байдаг. Тухайлбал зарим бөхөөс допинг илэрсэн ч энэ талаар олон нийтэд мэдээлэхгүй, шинжилгээний хариуг зарлахгүй байх, шинжилгээний дүнг зориудаар өөрчлөх, сорьцыг будилаантуулах, солих, өөр хүний сорьцыг шинжилгээнд өгөх, зарим сорьцыг итгэмжлэгдсэн лабораторид явуулахгүй үлдээх зэргээр допингтой бөх шударга бусаар улсын цол авсан, түрүүлж үзүүрлэсэн ч тохиолдол байгаа талаарх хардлага сэрдлэг байна.
Монгол бөхийн дэвжээ нь сүүлийн жилүүдэд бөхчүүдийн үнэн хүчийг сорьсон шударга тэмцлийн талбар байсан эсэхийг бодитойгоор тогтоолгох, бөхөд хайртай ард түмнийхээ эргэлзээг бүрэн тайлж 2009-2019 онд Үндэсний их баяр наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн нийт бөхчүүдийн өгсөн сорьцын талаарх дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг тус байгууллагаас албан шугамаар ирүүлэн, бодит байдлаар нь олон нийтэд ил болгож, мэдээлэх, хэрэв шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилсөн, олон нийтэд өөр байдлаар мэдээлсэн, уг үйлдэлд хэн нэгэн эрх бүхий албан тушаалтан хууль бусаар оролцсон бол эрх бүхий хууль хяналтын байгууллагаар шалгуулан шийдвэрлүүлэхийг хүсье.
Энэ асуудлыг би холбогдох чиг үүрэг бүхий хууль хяналтын байгууллагаар шалгуулахын зэрэгцээ миний сорьцыг будилаантуулсан гэж үзэж өөрийн ДНХ /DNA/-ийн шинжилгээг хийлгэх болно" гэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ