“No doping” хөдөлгөөнд нэгдсэн бөхчүүд мэдээлэл хийхээр болжээ

 Энэ сарын 12-нд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооноос допингийн шинжилгээний хариутай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Тодруулбал Бөхийн салбар хорооны дарга Г.Билгүүн “Энэ жилийн баяр наадмаар тав буюу түүнээс дээш давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Допингийн шинжилгээний хариу Үндэсний бөхийн салбар хороонд наймдугаар сарын 8-нд ирсэн бөгөөд хоёр бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн. Тухайлбал, нэг бөхөөс нэг төрөл, нөгөө бөхөөс нь дөрвөн төрлийн бодис илэрсэн.” гэж мэдэгдсэн.  

Дүрэм журмын дагуу сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд А сорьцын хариутай санал нийлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй бол Б сорьцын шинжилгээ өгөх хүсэлтээ 10 хоногийн дотор гаргах ёстой байдаг.

Тэгэхээр сэргээш илэрсэн гэх хоёр бөх Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ өгөх хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. Баяр наадам зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооноос мэдээлэхдээ энэ сарын 19-ны дотор Б сорьцын шинжилгээ өгөх хүсэлт гараагүй, А сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тухайн бөхийн нэрийг нь шууд зарлана. Харин дахин шинжилгээ өгөх хүсэлт гаргавал Б сорьцын шинжилгээний хариу гарсны дараа нэрийг нь албан ёсоор зарлана гэсэн билээ.

Эх сурвалжиийн мэдээлж буйгаар шинжилгээ өгөөд допинг илрээгүй 14 бөхийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, олон нийтэд мэдээлэл хийх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Гэхдээ Бөхийн салбар хорооноос өнөөдөр мэдээлэл хийж, сэргээш илэрсэн бөхчүүд Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ өгсөн эсэхийг олон нийтэд мэдээлсний дараа бөхчүүд хурал хийнэ хэмээж байна.

Цахим сүлжээнд “No doping” хөдөлгөөн өрнөж, Үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн бөхчүүд өөрсдийн шинжилгээнийхээ хариуг олон нийтэд мэдэгдсэн. Дээрх хөдөлгөөнд шөвгийн 16 бөхөөс шинэ аварга Э.Оюунболдоос бусад нь өөрөөс нь допинг илрээгүй гэсэн бол Э.Оюунболд аварга миний шээсийг сольсон хэмээн мэдэгдээд байгаа билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ