Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын хүрээнд, Монголын ууган үйлдвэр АНУ-ын зах зээлд гарахаар боллоо
АНУ болон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д төрийн айлчлал хийсэн билээ. Энэхүү айлчлалаар яригдах гол сэдвүүдийн нэг нь Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг гаалийн татваргүйгээр АНУ руу нэвтрүүлэх талаарх яриа хэлэлцээр байв. АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүд энэ оны дөрөвдүгээр сарын 11-ны өдөр оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх зорилгоор гуравдагч хөршийн худалдааны хуулийг хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барьсан. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Монголын хувцас үйлдвэрлэлийн салбарт шинээр 40 мянган ажлын байр нэмэгдэж, 200 мянган малчны орлого нэмэгдэх аж.
Байгалийн цэвэр алт хэмээгдэх ноолуурын түүхий эдийн 48 хувийг Монгол Улс дангаар бэлтгэдэг бөгөөд нийт бэлтгэгдсэн түүхий эдийн ердөө 15 хувийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгон гаргаж байна. Ноолууран бүтээгдэхүүн худалдан авах чадвараараа дэлхийд II бичигддэг АНУ-д гаалийн татваргүй сүлжмэл бүтээгдэхүүн нийлүүлснээр Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх том боломж нээгдэх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнд Монголын ууган үйлдвэрүүдийн нэг болох "Говь" ХК нь ирэх IX сард АНУ-ын Лос Анжелес хотод “GOBI CASHMERE USA” хэмээх цоо шинэ салбараа нээхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ