ДАШТ: С.Батцэцэг хэсгээ тэргүүлэн барилдана

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр сард Казахстаны нийслэл Нур-Султан хотод болох билээ. Энэ жилийн ДАШТ-д Монголын эмэгтэй баг томоохон бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэлээ эхлүүлсэн.  Тодруулбал, өнгөрөгч зургадугаар сард болсон Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчин шууд Нур-Султаныг зорих эрхтэй болсон юм. Энэ жилийн ДАШТ-ийг зорих багт Олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга С.Батцэцэг, Дэлхийн аварга С.Цэрэнчимэд, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт О.Бурмаа болон дэвжээндээ эргэн ирсэн Б.Оюунсүрэн нарын шилдгүүд өрсөлдөх юм. Тиймээс тамирчдын олон улсын чансаа анхаарал татаж байгаа.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо/UWW/-ноос гаргасан шинэчилсэн чансаагаар манай тамирчдаас 68 кг-д С.Батцэцэг дөрөвт бичигдэж, ДАШТ-д хэсгээ тэргүүлэн барилдахаар болжээ. Чансаанд эхний дөрвөн байр эзэлсэн бөхчүүд “Нур-Султан 2019” ДАШТ-д хэсгээ тэргүүлэн барилдах бөгөөд манай эмэгтэй багаас нэг тамирчин энэ боломжийг хангасан байна. Манай бусад тамирчид жиндээ 10-17-р байрт бичигдэж байна.

2019 оны Улсын аварга болж ДАШТ-д барилдах эрх авсан тамирчдаас 57 кг-д С.Цэрэнчимэд 11, 59 кг-д Б.Шоовдор 10, 62 кг-д Э.Гантуяа 11, 65 кг-д Х.Болортуяа 17-р байрт тус тус жагсчээ.

“Нур-Султан 2019” ДАШТ-ийг зорих Монголын эмэгтэй багийн бүрэлдэхүүн:

  • 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг (Хасу-Мегастарс)
  • 53 кг: Мөнхбатын Пүрэвтунгалаг (Женко)
  • 55 кг: Бат-Очирын Болортуяа (Женко)
  • 57 кг: Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар)
  • 59 кг: Баатаржавын Шоовдор (Хасу-Мегастарс)
  • 62 кг: Энхбатын Гантуяа (Хилчин)
  • 65 кг: Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч)
  • 68 кг: Соронзонболдын Батцэцэг (Хилчин) /ДАШТ-д хэсгээ тэргүүлнэ/
  • 72 кг: Банзрагчийн Оюунсүрэн (Женко)
  • 76 кг: Очирбатын Бурмаа (Женко, Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс)

Бөхийн төрлүүдийн ДАШТ есдүгээр сарын 14-22-ны өдрүүдэд Казахстаны Нур-Султан хотод болж, “Токио 2020” Олимпийн наадмын эрх олгох юм

СЭТГЭГДЭЛ БИЧИХ