Спортын тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлжээ
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг гаалийн 5.5 хувийн албан татвараас чөлөөлөхөөр болсон билээ.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.19 дахь хэсэгт заасны дагуу “Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийн жагсаалт”-ыг хэлэлцэж дэмжсэн.
Тухайн тоног төхөөрөмж, хэрэглэл нь албан ёсны брэнд бүхий буюу олон улсын холбооноос хүлээн зөвшөөрөгдсөн байх шаардлагатай аж.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Биеийн тамир, спортын газар Спортын холбоодтой хамтран боловсруулсан энэхүү жагсаалтын дагуу 32 спортын төрлийн олон улсын спортын холбоогоор хүлээн зөвшөөрөгдсөн 701 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхэд гаалийн албан татвараас чөлөөлөх юм.
Гаалийн ерөнхий газрын мэдээллээр манай улсад жилд дунджаар 40 гаруй тэрбум төгрөгийн спортын бараа, бүтээгдэхүүн импортоор орж ирдэг бөгөөд үүнээс спортын холбоод 400 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж, хэрэглэлийг улсын хилээр оруулж, татварт 60 гаруй сая төгрөгийг төлдөг байна.
Тив болон олон улсын спортын наадмыг эх орондоо зохион байгуулах, спортын олон төрлийг хөгжүүлэхэд Засгийн газрын дээрх шийдвэр дэмжлэг болох юм.
Гэхдээ тухайн тоног төхөөрөмж, хэрэглэл нь албан ёсны брэнд бүхий буюу олон улсын холбооноос хүлээн зөвшөөрөгдсөн байх шаардлагатай аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ