Бороотойд болсон осол ихтэй Германы Гран при уралдаанд Макс Ферстаппен түрүүлэв
“Формула 1” уралдааны Германы Гран при тэмцээн бороотойд болж олон ч машин замаасаа гарч, тамирчид байсхийгээд нэг нэгнээ гүйцэж түрүүлэн үзэгчдийг хормын зуур ч уйдуулалгүй маш сонирхолтой болж өндөрлөлөө.
"Хоккенхаймринг" уралдааны хальтиргаатай замд Германы “Mercedes” багийн Финландын жолооч Валттери Боттас замаас гарч хашилт мөргөн хасагдсан юм. Түүнээс гадна Пьер Гасли (Франц, “Red Bull Racing”), Нико Хюлькенберг (Герман, “Renault”), Шарл Леклер (Монако, “Ferrari”), Ландо Норрис (Их Британи, “McLaren”), Даниэл Риккьярдо (Австрали, “Renault”), Серхио Перес (Мексик, “Racing Point”) уралдаанаа дуусгаж чадаагүй.
Энэ жилийн цуврал тэмцээнд хувийн дүнгээр тэргүүлж буй мөн “Mercedes”-ийн Английн Льюис Хэмилтон замаас гарсан ч уралдаанаа цааш үргэлжлүүлсэн боловч ердөө 11 дүгээр байр эзэлсэн юм.
Германы Гран прид Макс Ферстаппен (Холланд, “Red Bull Racing”) түрүүлж, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө Себастьян Феттел Феттель (Герман, “Ferrari”) удаалан Даниил Квят (Орос, “Toro Rosso”) гуравт оржээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ