Японы Оказаки хотын засаг дарга Үчида Ясухиро Байтын 360 төвд зочиллоо
Монголын байтын тамирчид 2020 оны Токиогийн Олимпийн өмнө, Японы тамирчидтай тус улсад хуваарийн дагуу хамтарсан бэлтгэл хийж байгаа бөгөөд энэхүү нэн таатай боломжийг Монголчуудад олгосон Японы Оказаки хотын засаг дарга Үчида Ясухиро МБХХ-ны Ерөнхийлөгч П.Цагааны урилгаар манай улсад албан ёсоор айлчилж байна. Түүнтэй хамт Оказаки хотын хэвлэл мэдээлэл, гадаад харилцаа, соёлын харилцаа хариуцсан захирал Ёшио Ота хамт ирсэн бөгөөд албаны хүмүүсийг МБХХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч С.Эрдэнэболд, Шизүока Монголын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Китагава Масахиро нар угтаж авсан юм.
Тэгвэл өнөөдөр Японы Оказаки хотын засаг дарга, МҮОХ-ны удирдлагуудтай уулзаж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах Байт харвааны 360 төвд зочилж, Байтын бага, өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг үзэж сонирхолоо. Энэ үеэр бид дараахь тодруулгыг авсан юм.
Японы Оказаки хотын засаг дарга Үчида Ясухиро:
-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би Японы Оказаки хотын захирагчаар ажилладаг. Оказаки хот нь Монголын байт харвааны шигшээ багийн тамирчидын 2020 оны Олимпын урьдчилсан бэлтгэл хийлгэх хот болохоор санамж бичигт гарын үсэг зурсанаар Монголын тамирчид маань тэнд очиж бэлтгэлээ хийгээд ирсэн байгаа. Манай Оказаки хотыг цаашид Монгол улсын тамирчидтай хамтран ажиллах албан ёсны хот болсон гэж ойлгож болно. Монголын Байт Харвааны Холбооныхоны урилгаар өнөөдөр бид энэ талбайд ирээд тамирчидтайгаа уулзаж, тэмцээнийг нь үзэж байгаадаа баяртай байна. Цаашид хоёр улсын тамирчидийн харилцаа болон эдийн засаг, соёлын талаарх хамтын ажиллагаа маань улам гүнзгийрнэ. Оказаки хотод Монголын Байт Харвааны тамирчид бэлтгэл хийх үеэр би очиж тамирчидтай уулзаж байсан. Монголын тамирчид маш өндөр нуруутай, том биетэй тамирчид байсан. Үүнээс үүдээд Байт харваа гэх энэ спорт Монгол хүнд маш их тохирсон спорт юм байна гэж бодогдсон. Цаашид Монголын Байт харваачид маш их амжилт гаргаасай, түүнд нь бага хэмжээгээр ч гэсэн тусалж байгаадаа баяртай байна.
-Монголын Байт Харвааны Холбооны Ерөнхийлөгч П.Цагаан:
– Монголчуудын хандив тусламж сайхан сэтгэлээр бүтсэн байт харвааны 360 талбай дээр ОУХМ Базарсүрэнгийн нэрэмжит бага, өсвөр, залуу үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр болж байна. Энэ жил Байт харвааны тэмцээнд оролцогчдын тоо 30-40 хувиар нэмэгдсэн байна. Түүнээс гадна Токиогийн Олимпод оролцох Байт харвааны тамирчидын бэлтгэлийг хангуулахад тусламж үзүүлж байгаа Японы Оказаки хотын дарга Үжида Ясухиро хүрэлцэн ирж тэмцээнийг үзэж байгаа нь их сайхан байна. Энэ тэмцээнийг найман жил дараалан зохион байгуулж байгаа. Яваандаа энэ тэмцээн маань Олон улсын тэмцээн болох байх гэж бодож байна. Энэ дашрамд хэлэхэд Монгол хүнд, нум сум харвах ген байгаа. Түүнийгээ сэрээж, хөгжүүлж чадах юм бол Дэлхийн болон Олимпын уралдаан тэмцээнээс олон алдартан төрөх боломжтой спорт бол яах аргагүй энэ спорт. Бас Байтаар хичээллэхийг та бүхэндээ уриалж байна. Байт харваагаар хичээллэдэг хүний тоо өндөр хөгжилтэй орнуудад ч нэмэгдэж байгаа. Яагаад гэвэл байт харваа бол сошиал идэвхжиж байгаа орчин цагийн нийгэмд, тухайлбал зурагт үзэж, дуу сонсож, тоглоом тоглож, утсаа мааждаг анхаарал нь тогтворгүй болсон өдгөө цагт цэвэр агаар, нар салхинд гадаа ил талбайд алхуулж, бие бялдар оюун санааг нь нэг цэгт төвлөрүүлж чадах давхар ач холбогдолтой. Найман настай балчираас наян настай буурал хүртэл хичээллэх боломжтой энэ спорт нас хүйс харгалздаггүйгээрээ онцлогтой гэв.
Эргэн сануулахад Монголын Байт Харвааны Холбооны Ерөнхийлөгч Пунцагийн Цагаан Япон Улсын Аичи мужийн Оказаки хотын дарга Үчидо Ясүхиротай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, Монголын байт харвааны тамирчид 2020 оны Токиогийн олимпын наадамд оролцох бэлтгэл сургуулилтаа Оказаки хотод Японы тамирчидтай хамт хийхээр болсон бөгөөд анхны бэлтгэлээ Японд амжилттай хийгээд ирсэн билээ. Монголын байт харвааны тамирчид удаахь бэлтгэлээ хуваарийн дагуу хийхээр, энэ намар Японы Оказаки хотыг зорих юм.
Манай улсын тамирчдын бэлтгэл хийж байгаа Оказаки хот 380 мянган оршин суугчтай бөгөөд Байт харвааны сургууль, тамирчид, дасгалжуулагчид, сургалтын байгууламжаараа Япон улсдаа тэргүүлдэг юм.
Өнөөдөр ийнхүү Монголд, Монголын тамирчдад ээлтэй Японы хүндэт зочинтой эхэлсэн Бага, Өсвөр үе, Залуучуудын УАШТ тэмцээнд 11 байгууллагын 101 тамирчин цэц мэргэнээ сорьж байна. Мөн хөдөө орон нутгаас Хэнтий, Дархан- Уул, Эрдэнэтийн тамирчид ирж оролцож байна.Энэхүү тэмцээнд залуучууд 70 метрт, өсвөр насныхан 60 метрт харваж байгаа бол, бага насны харваачид 18 метрийн зайтай харваж, цэц мэргэнээ сорьж байгаа юм.
У. Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ