Дасгалжуулагч О.Баярцогт: Уушиг, бөөрний ажиллагаа алдагдсан тул мэс засал хийх боломжгүй байна

Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор  АНУ-ын Сан Франциско хотын Их сургуулийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ.

Олон нийтийн сүлжээнд #Pray4Dulguun хаштаг маш идэвхтэй өрнөж, мөн хувь хүн байгууллагууд хандив тусламж өгснөөр эмчилгээний зардлын тодорхой хувь цугласан. Гэвч олон нийтийн сүлжээгээр О.Дөлгөөн нас барсан, аав ээж нь эмнэлэгт гомдол гаргаж нэг сувилагчийг ажлаас нь халуулсан зэрэг мэдээллүүд гарч байна. Иймд бид О.Дөлгөөний багш, дасгалжуулагч О.Баярцогттой холбогдон дараах торуулгыг авлаа.

БИД ХУУРАМЧ МЭДЭЭЛЛИЙН АРААС “ХОВЧ АВГАЙ” ШИГ ХӨӨЦӨЛДӨХ БОЛОМЖГҮЙ

-О.Дөлгөөний биеийн байдал ямар байгаа вэ?

-Одоохондоо тогтвортой, хэвийн, эмчилгээгээ хийлгээд байж байна. Элэгнээс гадна уушиг, бөөрний ажиллагаа алдагдсан учраас мэс засал хийх боломж бүрдэхгүй байгаа.

-Эмнэлэгээ сольсон уу? Гэр бүлийн хүмүүс эх орондоо ирсэн үү?

-Эмчлүүлж байсан эмнэлгээ солиогүй анх очсон, Сан Франциско хотын Их сургуулийн эмнэлэгт аав, ээж, эгч нар нь сахиж байгаа.

-Хандивын аян үргэлжилж байгаа юу?

-Яг идэвхтэй байсан үеэ бодоход буурсан. Баяр наадам таарсантай холбоотой байх. Хандивын аян үргэлжилж, олонолон хүн сэтгэлээрээ тусалж дэмжиж байгаад маш их талархаж байгаа. 21 аймгаас сагсан бөмбөгийн тоглолт хийж олсон орлогоо эмчилгээнд хандивлаж байгаа. Дарханд долдугаар сарын 25-нд тэмцээн зохиохоор болсон гэж н.Гүржав багш бидэнтэй холбогдсон. Хандив өгсөн хүмүүсийнхээ мэдээллийг бид албан ёсны хуудсаар дамжуулан өгч байна.

-О.Дөлгөөнийг нас барсан гэх зэргээр худал мэдээллүүд олон нийтэд тараад байгаа энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Тийм ээ. Янз бүрийн хүмүүстэй бэлгийн харьцаанд орж халдвар авсан, нас барсан, эцэг эх нь эмчлүүлж байгаа эмнэлэгт гомдол гаргаж сувилагчийг ажлаас халуулсан зэрэг цуурхал нийгмийн сүлжээгээр их тарсан. Энэ бүгд худлаа. Бид хуурамч мэдээллийн араас “ховч авгай” шиг хөөцөлдөх, цаг зав болон боломжгүй. Эдгээр худлаа мэдээллийг цахим орчинд ямар хүн тарааж байгаа нь тодорхойгүй, бид зогсоож чадахгүй байна. Хүмүүст хандаж хэлэхэд албан ёсны хуудаснаас, үнэн зөв мэдээлэл аваарай” гэлээ.

Элэгний архаг дутмагшил гэсэн оноштойгго маш хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдсэн Монгол Улсын шигшээ багийн тамирчин О.Дөлгөөний талаар хуурамч мэдээллүүд цахим орчинд тарж олон хүнд худал мэдээлэл хүрч байгаа учир иргэдийг баталгаатай, эх сурвалж тодорхой мэдээлэлд итгэхийг хүсэж байна.

Эх сурвалж iSee.mn


СЭТГЭГДЭЛ БИЧИХ