Универсиадад медалийн тоогоор Япон тэргүүлж, Монгол 49-д жагсчээ

Дэлхийн оюутан залуучуудын зуны ХХХ Универсиад наадам Италийн Наполи хотноо 11 хоног үргэлжлэн өчигдөр өндөрлөлөө. Энэ удаагийн Универсиадад 170 орны 18-25 насны найман мянга гаруй оюутан тамирчид спортын 18 төрөлд 250 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.

Наполид Японы баг тамирчид 33 алт, 21 мөнгө, 28 хүрэл, нийт 82 медаль хүртэн дэлхийд спортоор тэргүүлдэг Орос (22 алт, 24 мөнгө, 36 хүрэл, нийт 82), Хятад (22 алт, 13 мөнгө, 8 хүрэл, нийт 43), АНУ (21 алт, 17 мөнгө, 15 хүрэл, нийт 53) зэрэг улсын урд гишгэн дуулиан тарилаа.


Манай баг тамирчдын хувьд жүдо, таэквондо, буудлага, байт сурын харваа, усанд сэлэлт, теннис, ширээний теннис гэсэн нийт долоон төрлөөр 33 тамирчин оролцож, Гүрж, Норвеги, Угандын адил мөнгө, хүрэл медальтайгаар 49-д бичигджээ.

Таэквондогийн эрэгтэйчүүдийн 58 кг-ын жинд М.Түмэнбаяр мөнгө, жүдогийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Баасанжаргал хүрэл медаль тус тус хүртсэн юм. Манай улс 1960 оноос эхлэн 20 Универсиадад оролцохдоо спортын есөн төрлөөр 11 алт, 17 мөнгө, 27 хүрэл, нийт 55 медальтай болоод байна.

Дараагийн зуны Универсиад Хятадын Ченду хотноо хоёр жилийн дараа болох ажээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ