Симона Халеп Серена Вильямсийг хожин Вимблдонд анх удаа аваргаллаа

           Румыний 27 настай теннисчин бүсгүй Симона Халеп Вимблдоны финалд АНУ-ын Серена Вильямсийг 6:2, 6:2-ын харьцаатай итгэлтэйгээр хожин тус тэмцээнд анх удаа аваргаллаа.

Симона Халеп урьд нь Их дуулгын цуврал тэмцээнээс Парисийн “Ролан Гаррос”-т л өнгөрсөн жил түрүүлсэн удаатай. Тэгвэл түүнээс 10 насаар эгч, хэдийнэ теннисийн домог болсон Серена Вильямс Олимпийн дөрвөн удаагийн аварга, Их дуулгын тэмцээнүүдэд 38 (үүнээс ганцаарчилсан төрөлд 23) түрүүлж байсан билээ.

Симона Халеп Серена Вильямстай 11 удаа учрахдаа хоёр дахь удаагаа хожин 49.43 сая ам.долларын шагналтай Вимблдоны тэмцээнд түрүүлж байгаа нь энэ юм. Серена Вильямс амаржсаныхаа дараа өнгөрсөн жил Их дуулгын хоёр тэмцээний (Вимблдон, US Open) финалд үлдэн энэ жил Вимблдонд ийнхүү дахин үзүүрлэж харих болоогүйгээ харууллаа.

Н.Түвшин

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ