Месси талбайгаас хөөгдсөн ч Аргентин Америкийн цомын хүрэл медаль хүртэв

            Америкийн цомын хүрэл медалийн төлөө тоглолт Бразилийн Сан Паулу хотын “Арена Коринтианс” цэнгэлдэх хүрээлэнд болж, Аргентины шигшээ баг сүүлийн хоёр тэмцээнд дараалан аваргалсан Чилиг 2:1-ээр хожсон билээ.

            Тоглолтын эхэнд Аргентины Серхио Агуэро, Пауло Дибала нар гоол оруулан давамгайлж эхлэнгүүт Парагвайн шүүгч Диас Де Вивар маргалдаж түлхэлдсэн Аргентины багийн ахлагч Лионел Месси, Чилийн хамгаалагч Гари Медел нарыг шууд улаан хуудсаар торгон талбайгаас хөөжээ.

            Лионел Месси тоглолтын дараа медаль гардуулах ёслолд оролцоогүй бөгөөд “TyC Sports” агентлагт ярилцлага өгөхдөө, “Би авлига, луйврыг эсэргүүцэн ёслолд оролцохоос татгалзсан юм. Тэмцээний туршид манай багийг үл хүндэлж, шударга бус шүүлт олон тоглолтын хувь заяг шийдлээ” гэжээ.

            Аргентины хөлбөмбөгийн холбоо Лионел Мессиг талбайгаас хөөснийг эсэргүүцэн албан ёсоор гомдол гаргасан байна.

Н.Түвшин

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ